Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

(ВИДЕО) С.Баяр: АНУ-д миний охины худалдаж авч, борлуулсан байр 7 биш 10 давсан

Б.Ану
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан С.Баяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа билээ. 

Харин түүнийг Лондон хотод амьдарч буй зарим монгол иргэн  Элчин сайдын байрных нь гадаа эсэргүүцэж байгаа. 

Тэгвэл энэ бүгдэд тэрбээр тайлбар хийх зорилгоор тус хотод оршин суух зарим монгол иргэнтэй уулзалт, ярилцлага хийсэн бололтой. 

Иргэд С.Баярыг Ерөнхий сайд байх хугацаандаа авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг шалтгаанаар эсэргүүцэж буй. 

С.Баяр уулзалтын үеэр эсэргүүцэгчдийн тухай хэлэхдээ  "Иргэн эрхээ эдэлж байна.  Аль нэг албан тушаалтныг хардах эрх нээлттэй. Харин ардчилал гүтгэх эрхийг бол өгдөггүй. Би одоохондоо хардаж байна гэж харахыг хүсч байгаа" гэв. 

Харин  С.Баярын гэгдэх ДОЛООН БАЙШИНГИЙН ТУХАЙ "Гадаа тавьсан бичгүүдийг харахад АНУ-д байсан долоон байшингийн тухай бичсэн байсан. Миний хувьд энэ бол шинэ асуудал огт биш. 10 жилийн өмнө асуудал гарч байсан. АНУ-д С.Баярын охин ийм байшинтай юм байна гэж мэдээлэл гарч байсан. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга бас энэ талаар зарласан. Өмнөх нийтлэлүүд дээр миний хувьд тайлбар хэлж байгаагүй. Харин хоёр жилийн өмнө би Монгол Улсын иргэнийхээ хувьд өөрийгөө шалгуулъя гэж хууль хяналтын байгууллагад хандсан. 

Нэгд, баахан байшингийн асуудал. Хоёрт, "Оюу Толгой"-н гэрээг хийх үед авлига авсан эсэхээ шалгуулах хүсэлт өгсөн. Ингээд хууль зөрчсөн, авлига хээл авсан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг нь тогтоогдоогүй гэсэн хуулийн байгууллагын албан ёсны тогтоол гарсан.

Байшингуудын хувьд гэхэд 2006 онд анх энэ мэдээ гарч байхад Баярын охин ийм байртай гэж гарч байсан. 

Яваандаа охин гэдэг нь гээгдээд Баярын байр болсон. 

Манай охины бизнес буюу байр худалдаж аваад борлуулсан байрнуудын тухай юм л даа. 

Манай охин долоо бишээ тоо нь аль хэдийнэ 10 гарчихсан шүү дээ гэж надад хэлсэн.  

Том охин маань ээжтэйгээ, дүү нартайгаа нийлээд энэ бизнесээ хийсэн. Одоо ч энэ бизнес нь үргэлжилж байгаа. 

Энэ бизнесийг ганцхан манай охидууд хийгээгүй. АНУ-д гэхэд ийм Монголчуудын хоёр ч компани мэднэ. Цаана нь хэд байдгийг мэдэхгүй. 

Хуучин байшин аваад засч сайжруулаад эргүүлээд зардаг л бизнес. Үүнийг мэдэх ёстой хүмүүс нь мэднэ. 

Ингэх явцад миний охин л юм чинь миний нэрээр овоглогдоно. Хайлтаар тэр нь гараад ирдэг. 

Энэ мэдээлэл анх 2006 онд гарсан. Тухайн үед би Ерөнхий сайд болоогүй байсан. Тэгэхээр цаг хугацааны хувьд ЕС байхдаа авлига авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм" гэлээ. 

Мөн тэрбээр "Оюу Толгой" төсөл бол миний хамгийн том бахархал гэдгээ ч хэлж "Оюу Толгой"-н гэрээний талаар ярьжээ. 

Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.