Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"2100 он гэхэд Монгол орны агаарын температур 4-6 градусаар нэмэгдэнэ"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
 

Дэлхийн цаг уурын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 2016 оны шилдэг бүтээлээр шалгарсан "Монгол орны байгалийн бүсийн ирээдүйн төлөв байдал" хэмээх судалгааны бүтээлийг бичсэн УЦУОСМХ-ийн уур амьсгалын нөөцийн судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д. Дуламсүрэнгээс Монгол орны цаг уурын ирээдүйн төлөв, байдлын талаар тодрууллаа. 

- Таны судалгаагаар Монгол орны байгалийн бүс, цаг агаарын төлөв байдал ямар байна вэ? 

- Би судалгаагаараа хуурай болон хэт хуурай бүсийн ирээдүйн төлөв байдлыг судалсан байгаа. Үүнийг цаг уурын хүчин зүйлүүдийн хандлагаар тодорхойлсон. Тодорхойлохдоо, Ус цаг уурын хүрээлэнд ашиглаж байгаа дэлхийн хэмжээний 40 гаруй загвараас 10 загварын үр дүнгээр ирээдүйн хандлагыг тодорхойлсон байгаа.

2100 онд Монгол орны агаарын температур хэрхэн өөрчлөгдөх, хүлэмжийн хий өссөөр байх юм бол цаашид агаарын температур хэдэн градус хүртэл өсөх вэ гэдгийг тодорхойлсон байгаа. Бидний тооцоолсноор, 2100 он гэхэд Монгол орны агаарын температур 4-6 градусаар нэмэгдэнэ гэсэн үр дүн гарсан байгаа.

Үр дүн дээр түшиглээд би хуурай бүсийн хил хязгаар цаашдаа хэр зэрэг хойшоо тэлэхийг судалсан байгаа. Ингээд судалгааны үр дүнгээс харахад 20 жил тутамд 120 км/цагийн хурдтай хуурай бүс хойшоо түрэгдэх хандлагатай байгаа. 2100 он гэхэд хуурай бүс 600 км-ийн зайд хойш түрэгдэх үр дүн гарсан. 

- Энэ хуурай бүсийн тэлэлт, түрэлт нь ямар эрсдэл дагуулж байна вэ?

- Энэ түрэлтээс үүдэн Монгол оронд ямар гамшиг, ирээдүй хүлээж байна вэ гэхээр газар тариалангийн бүс нутаг говийн хуурай шинжтэй болоод ирэх цагт усалгаагүй газар тариалан цаашид явахгүй гэсэн үг юм. Үүнийг бид газар тариаланчдад анхааруулж хэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, энэ их хуурайшилтын үр дүнд гол горхиуд их хэмжээгээр ширгэж байна. Гол горхи ширгэснээр бид ундны усны гачигдалд орно гэсэн үг. 

- Тэгвэл агаарын температурын дулаарлын эерэг тал юу байна вэ?

- Энэ их дулаарлыг бид эерэгээр ашиглах боломжтой. Дулаарал нэмэгдэж байна гэдэг нь Монголд тариалж чадахгүй байсан дулаан их шаарддаг ургамалуудыг тариалах боломж бидэнд гарж ирж байна. Тэгэхээр, газар тариаланчид цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулан ямар сортын ургамал, ногоо тарих вэ гэдгээ мэдэж авах нь зүйтэй. 

- Хуурайшилтыг багасгаж, дэлхийн дулаарлыг бууруулах ямар арга замууд байна вэ?

- Нэг номерын агаарын температурыг нэмэгдүүлж буй шалтгаан бол хүлэмжийн хий. Энэ хүлэмжийн хий нь сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж нэмэгдэж байгаа. 

Техник технологи хөгжихийн хэрээр бид илүү их энерги, илүү их эрчим хүч зарцуулж байна. Үүний нөлөөгөөр агаарт хүлэмжийн хийг их ялгаруулж байгаа. Тэгэхээр, Монгол орны хувьд хүлэмжийн хийг бууруулахын тулд утаа тортог их гаргадаг машинуудыг хэрэглэхгүй байх, явган явах, цахилгаанаа хэмнэх гэх мэтээр хувь хүнээс шалтгаалах оролцоо их бий.

Нэг хүн ч гэсэн хүлэмжийн хийд хувь нэмэр оруулна гэдэг үүднээс хандвал бид дулаарлыг бууруулж чадна гэж бодож байна.