Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

MONGOLIAN MINING CORPORATION 2016 оны үр дүнгээ танилцууллаа

ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
 

Mongolian Mining Corporation буюу ММС компани өчигдөр 2016 оны үр дүнгээ албан ёсоор танилцууллаа.

Өнгөрсөн оны сүүлчээс дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өссөнтэй уялдан, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдэд мэдэгдэхүйц эерэг нөлөө гарсныг ММС-ийн удирдлагууд онцолсон байна. Тухайлбал, 2016 оны 2 дугаар хагаст компанийн коксжих нүүрсний борлуулалт эхний хагасынхаас бараг 2 дахин өсч, жилийн нийт дүнгээр 1.5 сая тоннд хүрсэн байна.

Мөн 2016 оны нэгдүгээр хагаст борлуулалтын дундаж үнэ нүүрсний тонн тутамд 52.2 ам.доллар байсан бол 2 дугаар хагаст дунджаар 98.2 ам.долларт хүрч, нийт 90 орчим хувиар өсчээ. Үйл ажиллагааны алдагдал 2015 онд 105 сая ам.доллар байсан бол 2016 онд 29.8 сая ам.доллар болж, жилийн хугацаанд 3.5 дахин буурсан байна.

2016 онд тус компанид олон улсын аудитын стандартаар хөрөнгийн дахин үнэлгээ хийгдэж, өмнө нь “хасах” утгатай байсан Нийт Дэлгэрэнгүй Орлогын үзүүлэлт нь 142.3 сая ам.доллар болтол өссөн, эерэг үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр компанийн Нийт Хөрөнгийн хэмжээ жилийн өмнөх 190 саяас 331 сая болж өссөн байна.

Мөн компанийн зээлийн бүтцийн өөрчлөлт амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ 4-р сард эцэслэн дуусахаар байгаа аж.

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлтийг ашиглах нь манай улсын хувьд чухал сорилт болоод байгаа. ММС компанийн хувьд нүүрсийг дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээж экспортлодог Монголын цорын ганц ААН. Энэ утгаараа нүүрсний экспортын үнийг хамгийн өндөр тогтоож, нүүрсний үнийн өсөлтийг хугацаа алдалгүй ашиглаж ирсэн байдаг.

Манай улс экспортын орлогынхоо багагүй хувийг нүүрснээс бүрдүүлдэг. 2017 онд коксжих нүүрсний үнэ өсдөггүй юм гэхэд өнөөгийнхөө түвшинд тогтворжвол Монголын нүүрс экспортлогч компаниудад энэ мэтээр санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулж, зээл, төлбөрийн дарамтаас гарч, ашигт ажиллагаанд шилжих боломж нээлттэй байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа.

Ингэснээр эцсийн дүндээ улсад орж ирэх татвар хураамж, экспортын орлого нэмэгдэж, эдийн засагт бодитой эерэг өөрчлөлт ирэх хүлээлт бий.