Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ажнай Д.Бат-Эрдэнэ боксын холбоог эзэнгүйдүүлж, шилдэг тамирчид хохирч байна

Н.Пунцагболд
2017 оны 3 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын төр спортоо тийм ч анхаардаггүй. Анхаарах ч тэнхэлгүй байгаа шүү дээ. Шигшээ багийн хэдэн тамирчныхаа л зардал мөнгийг дааж чадвал их юм болчихоод байгаа. Яах вэ, сүүлийн үед амжилт гаргасан тамирчид цалин мөнгө аваад, амьдрал ахуй нь гайгүй сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ л амжилт гаргахаар зүтгэж байгаа тамирчид бор зүрхээрээ л зүтгэж байна.

Мөн олон спорт төрийн ивээлийн гадна үлддэг. Тийм болохоор спортын холбоод нь өөрсдөө л олигтой ажиллахгүй бол болохгүй. Дотроо эвтэй, найртай, багш дасгалжуулагчид, тамирчид нь нягтарч чадсан холбоо амжилт гаргаж байна. Түүний нэг жишээ жүдо. Харин сөрөг жишээ нь Чөлөөт бөхийн холбоо. Эв түнжин муудсанаас болоод тамирчид нь Олимпийн наадмаас медаль хүртэж чадаагүй шүү дээ. Тэгвэл тэдний араас Боксын холбоо орох нь ээ.

Уг нь сүүлийн жилүүдэд олимп, дэлхийд боксынхон тун ч амжилттай оролцож ирсэн. Гэхдээ 2008 оноос хойш амжилт нь буурч эхлээд байна. Ядаж байхад саяхны үйл явдлууд энэ холбоо менежмент муутай, Ерөнхийлөгч нь анхаарч ажилладаггүй, багш, дасгалжуулагчид нь тамирчидтайгаа нягт уялдаа холбоогүй ажиллаж байгаа гэдгийг харуулчихлаа. Монголын Боксын холбооны Ерөнхийлөгчөөр “Ажнай” тодотголтой Д.Бат-Эрдэнэ ажилладаг. Мөнгөтэй юу гэвэл мөнгөтэй л хүн. Гэхдээ Боксын холбоог тийм ч сайн удирдаж чадахгүй байна.

Энэ холбоонд олигтой шинэ, шинэлэг зүйл хийж чадсангүй. Харин ч уруудуулаад байна. Түүний нэг жишээ дасгалжуулагч нартай тийм ч таарамжтай харилцаж чадахгүй байгаа явдал. Мань эр Боксын холбооны Ерөнхийлөгч болоод дараахан нь зарим нэг дасгалжуулагчийн эрхийг хасаж барьж баахан юм болгосон. Мэдээж боксынхон, бокс сонирхогчид тийм ч таатай хүлээж аваагүй нь ойлгомжтой.

Одоо бол боксын дасгалжуулагчид, тамирчид наанаа холбооны Ерөнхийлөгчөө магтах шинжтэй л байдаг. Гэвч цаагуураа янз бүрийн асуудал яригддаг болоод байна. Боксчид Спортын төв ордны гадаа халамцуу ирж, архины мөнгө татдаг ч гэх шиг. Санаанд оромгүй явган яриа гарах болж. За энэ мэт дэл сул яриаг тэгсгээд орхиё гэж бодъё. Гэтэл хамгийн сүүлд болсон үйл явдал олон зүйлийг өгүүллээ. Уг нь боксын спортынхноос бас нэг дасгалжуулагч гавьяа зүтгэлээ үнэлүүлж, төрийн одон медаль хүртэж, сүрхий л байсан. 

Гэтэл цэргийн баярын үеэр гадаад руу тэмцээнд явахаар Хандгайтад бэлтгэлд гарчихсан байсан шигшээ багийн тамирчид шөнөдөө оргоод, Улаанбаатарт ирж цэнгээний газар орсон байгаа юм. Улмаар жирийн иргэдтэй муудалцаж, зодоон цохион хийж, бэртэл гэмтэл авчихаад байна. Цаашлаад боксын гурван дасгалжуулагч хоорондоо зодоон цохион хийсэн яриа ч дарин дээр давс нэмчихлээ.

Энэ мэт үйл явдлаас болоод Монголын хамгийн ирээдүйтэй гэгдэх зарим нэг шилдэг тамирчид эрхээ хасуулчихаад байж байна. Яагаад тамирчид шөнө дөлөөр оргох болов. Тэр хооронд дасгалжуулагч нар юу хийж байсан юм бэ. Зарим эх сурвалжууд архидан согтуурч байсан талаар хэлээд байгаа. Спортынхон бол хариуцлагатай, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө явдаг хүмүүс. 

Гэтэл яагаад тамирчид шөнө бэлтгэлээсээ гарч, Улаанбаатарт ирэв. Наанаа оргосон гээд яриад байгаа болов ч яг тэгсэн үү. Холбооны үйл ажиллагаатай холбоотойгоор асуудал үүсэж, дасгалжуулагч, тамирчингүй сэтгэлээр унасан юм биш биз дээ. Түүнээс биш боксчид тэмцээнд явах гэж бэлтгэл хийж байж оргож гарч ирмээргүй л юм. Бүр гайхаад байна. Ер нь тамирчид. дасгалжуулагчдыг буруутгахаас гадна холбоогч бас мартаж болохгүй шүү дээ.

Холбооны үйл ажиллагаа яаж доголдож байгааг харуулсан нэг жишээ байна. Тодруулбал. Боксын холбооны хурал энэ сарын 01-нд болсон гэнэ. Тэгэхдээ энэхүү хурлыг Х.Алтанхуяг багш, Д.Төрбат нарын санаачилгаар хийсэн бөгөөд хуралд боксын холбооны нэр бүхий гишүүд болох Э.Бадар-Ууган, Д.Бумансахъяа, Б.Түвшинбат нар тодорхой шалтгааны улмаас оролцоогүй аж. Харин энэ хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан руу чиглэсэн, түүнийг шүүмжлэх шинжтэй болсон гэж тэрбээр протокол хөтлөхдөө тэмдэглэжээ. 

Тодруулбал, “Энэ оны нэгдүгээр сарын 16-ны хуралд Ерөнхийлөгчийн тавьсан 2013-2016 онд хийсэн ажлын тайлангийн санхүүгийн тал дээр маш том алдаа гаргаж худал мэдээлэл өгч нийт хуралд оролцогчдод үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс болж өнөөдрийн энэ хүндрэлтэй асуудал үүслээ гэж зад загнах шүүмжлэх хоёрыг хослууллаа. Үүнд би хариулахдаа “Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэсэн учир нийт Монголын боксчид дундаа хийсэн ажилтай, сайн ажилласан гэсэн сэтгэгдэл үлдээхийн тулд тийм тайлан бичиж өгсөн юм. Хүндэт Ерөнхийлөгч болгоод сайхан үдэж гаргаж өгнө гэж бодоод тийм юм бичсэн намайг уучлаарай гэсэн” хэмээжээ. 

Түүнчлэн энэхүү хурлаар, өнгөрсөн хугацаанд юун дээр алдав хойшид яах вэ гэдэг талаар ярьсан аж. Хурал дээр ярьсныг сийрүүлбэл, “2016 онд 16 жил тасалдаад эргэн хийж эхэлсэн “УЛААНБААТАР ЦОМ” Олон улсын тэмцээнд яагаад Ерөнхийлөгч оролцоогүй вэ. Боксод сэтгэл зүрхээ өгсөн байтугай хаа хамаагүй гадны хүмүүс хүртэл тусалж байхад энэ бол үнэхээр ойлгохын аргагүй юм. Үүнийг өөрөөс нь асууж тодруулах хэрэгтэй гэсэн.

Анх Ерөнхийлөгч болдог жилээ буюу 2013 онд ганц удаа шинэ жил хийсэн. Түүнээс хойш хийсэнгүй. Бид нийлж архи дарс ууж, идэхдээ биш тухайн жилийнхээ ажлыг дүгнэж дараа жилийнхээ ажлыг товлож шилдэг дасгалжуулагч, шүүгч, тамирчин, клуб зэргээ тодруулж тэднийгээ жаахан шагнаж урамшуулаад л болох юмыг хийсэнгүй.

Холбоонд ажиллаж байгаа дөрвөн л хүн байна. Тэд цалин гэж юм авч байгаагүй гэнэ. Энэ арай болохгүй ээ. Яаж амьдрах юм. Мөн холбооны урсгал болон тогтмол зардлыг гаргаж байгаагүй гэнэ. Ингэвэл бид яаж цаашаа явах юм бэ гэдгийг бүгд л ярьж байна” гэсэн байна. Түүгээр ч барахгүй, хурлаар хэлэлцсэн бас нэг гол асуудал бол төсөв. Хуралд оролцогчид “Улсаас манай холбоонд 2017 онд 519 сая төгрөгийг тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад зориулж баталсан гэсэн.

Харин манай холбоо нийт 480.1 сая төгрөгийн төсөв гаргасан байгаа. Үүнээс хэдийг нь гаргасан юм ер нь гаргах юм уу, хэрэв гаргана гэвэл төсвөө батлаад гаргах хэрэгтэй байна гаргаж чадахгүй гэвэл бид өөр хүнийг Ерөнхийлөгчид санал болгож ажлаа явуулахгүй бол үнэхээр байдал маш хэцүү байна. Тамирчид ямар ч хэрэглэл материалгүй болсон, хуучин ерөнхийлөгчийн үед авсан юм одоо дууссан цаашаа яаж явах юм” гэх зэргээр зовлон жаргалаа ярьсан ч энэ нь тус холбооны удирдлагуудад хүрээгүй бололтой.

Учир нь энэ хурлын дараа бүгдээрээ Ерөнхийлөгчөө дуудаж уулзаж энэ талаар яръя гэхэд нь хурал даргалсан хүмүүс эхэлж уулзаад, хурлын талаар яръя гэж хэлээд тараасан гэнэ. Энэ мэтээр маш олон асуудал Боксын холбоонд үүсчихээд байна. Ядаж байхад Э.Цэндбаатараас авахуулаад шинэ залуу шилдэг тамирчид эрхээ хасуулаад өнгөрлөө.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ хэрвээ холбоог удирдана гэвэл энэ спортод элэгтэй хандах хэрэгтэй байна. Үгүй бол өөр хүнийг сонгох цаг аль хэдийнэ болсон юм биш үү. Хэрвээ Боксын холбоо энэ мэтээр хөл толгой нь олдохгүй яваад байвал байдал улам л хэцүүдэх нь.

 

Зураг