Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Алтанзагас: Хотын төвөөр нүцгэн бүсгүйчүүдийн парад алхвал гайхах хэрэггүй

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр офшор данстнуудыг эсэргүүцэж төв талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагссан. Тэдний нэг иргэн Ч.Алтанзагастай ярилцлаа.

-Эмэгтэй хүн олон нийтийн газар, хүйтэнд хагас нүцгэн зогсоно гэдэг бол тэмцлийн хурц хэлбэр. Ямар үр дүн хүлээж энэ жагсаалыг санаачилсан бэ?

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу эрхээ хамгаалах өдрөөрөө нийгэмд болж бүтэхгүй байгаа хамгийн муу муухай зүйлийг энгийн, этгээд хэлбэрээр ч юм уу олны анхаарлын төвд хүргэе гэж бодсон. Өчнөөн олон жагсаал, цуглаан, өлсгөлөн болж байна.  Төр засаг, шийдвэр гаргах төвшний хүмүүс тоохгүй, иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаа учраас үзэл бодлоо тэмцлийн хурц хэлбэрээр илэрхийлэхийг зорьсон.

Монголын төр Үндсэн хуулиа мартчихсан. Төр иргэдийнхээ нийгэм, эдийн засаг эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэж хуульд заасан. Тэр үүргийг мөн сануулахыг хүссэн. Ард түмэн үгээ хэлэх гэхээр нухчин дардаг. Тиймээс ард түмэн айгаад утас, фэйсбүүкийн цаанаас үзэл бодлоо илэрхийлж, айдсаасаа болж буугаад өгчихсөн. Төр офшорчидтой тэмцэхгүй байгаа юм чинь яаж ард түмнийхээ төлөө ажиллах юм бэ.

Бүсгүйчүүд мартын 8-ныг цэцэг жимс дарсанд бялуурч өнгөрүүлэх ёстой мэтээр боддог. Энэ өдөр эмэгтэй хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх учир утгатай өдөр. Хэрэв талбай дээр зүгээр нэг гараад жагссан бол хэн ч тоохгүй. Тиймээс бидний  20 гаруй бүсгүй зөвлөлдөж байгаад бид гурав зогсохоор болсон. Тэгээд 8,500 төгрөгөөр хэдэн вакум цаас аваад уруулын будгаараа бичсэн. Монголчууд морин цагийг бэлгэшээдэг учраас тэр цагтаа багтаахыг хүссэн. Бусад бүсгүйчүүд биднийг олон хүн хараад буцах байх гэж айсан байх. Энэ жагсаалыг хийхэд маш их зориг тэвчээр, золиос гарсан.

Биднийг жагсаж байхад 1,000 ээжийн баяр таарч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ээжүүдтэй зураг авахуулж байсан. Тэгээд л цагдаа нар юун хүмүүс яав гээд  бужигнасан. Хийе гэж зорьсон учраас даарч, халшрах зүйл байгаагүй. Төрж байгаа хүүхэд маань хүртэл өртэй гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Энэ бол бидний тэмцлийн эхлэл.

-Нүцгэлнэ гэхэд гэр бүлийнхэн нь мэдээж эсэргүүцсэн байх?

-Манай хоёр гэр бүлийнхэндээ хэлээгүй. Би нөхөртөө “Шийдэмгий юм хийнэ. Нүцгэлнэ” гэсэн чинь тоглоод байна гэж бодоод үнэмшээгүй. Манай Б.Болор-Эрдэнэ жагсаал хийнэ гээд нөхрөөрөө лоозон бичүүлээд ирсэн. Цагдаа сэргийлэхээр явж байгаад нэлээд орой харьсан чинь нөхөр нь гомдчихсон байсан гэсэн. Хүмүүст хэлсэн бол зөв, буруу гэж шүүмжлээд бидний зоригийг мохоох байсан. Урд өдөр нь хэвлэлийн хурал хийж хүмүүст зарлая гэсэн ч бидэнд мөнгө, хүсэл сонирхол ч байгаагүй.

-Шүүхээс жагсаал хийх зөвшөөрөл аваагүй гээд торгосон байсан. Зөвшөөрөл авъя гэж бодсон уу?

-Хагас нүцгэлсэн жагсаал хийнэ гэхэд мэдээж зөвшөөрөл өгөхгүй. Өвөг дээдэс бидэнд газар нутгаа өвлүүлж үлдээсэн байтал төр засаг биднээс асууж, зөвшөөрөл авахгүйгээр бүх зүйлийг шийдвэрлэж байна. Төр засаг  биднээс асуухгүй, ард түмнийхээ саналыг сонсохгүй байхад бид зөвшөөрөл аваад яах юм.

-Эрхийнхээ төлөө тэмцээд шүүхийн өмнө зогсоход хэцүү байсан уу. Юу бодогдсон бэ?

-Хулгай хийсэн юм уу ямар нэг байдлаар хүн хохироосон бол гэмших байсан. Бид эрхээ эдэлсэн болохоор шүүхийн өмнө айгаагүй. Гэмшээгүй. Шүүгч биднийг “Ирээдүй хойчдоо буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” гэсэн. Бид хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө тэмцэх, шударга байхыг уриалсан нь буруу гэж үү. Ер нь шүүх ялгавартай хандсан. Төрийн ордонд лоозон бариад эгнээд суусан хүмүүст ямар шийтгэл ногдуулсан юм бэ. Мөн биднийг эрхээ нэхээд байгаа болохоос үүргээ биелүүлсэнгүй гэж загнаад байхаар нь Үндсэн хуулиа харсан.

Гэтэл бид эх орноо хамгаалах үүргээ биелүүлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ. Бид гуравтай нохой шиг харьцсан. Таван минут ч болохгүйгээр тус бүр 50 мянган төгрөгөөр торгоод хөөж гаргасан. Уг нь 14-30 хоног хорих ёстой байсан ч  эмэгтэй хүн учраас торгоод өнгөрөөлөө гэсэн.

-Торгуулийг нь төлсөн үү?

-Төлөөгүй. Төлөхгүй гэж бодож байгаа. Бид гэм буруутай зүйл хийгээгүй учраас давж заалдана. Маш олон хүн дэмжиж, өмгөөлье гэсэн хүмүүс ч бий. Саарал ордонд суулт хийсэн хүмүүстэй хариуцлага тооцчихоод дараа нь биднээс мөнгөө авах хэрэгтэй. Жилд ганцхан болдог эрхээ хамгаалах олон улсын өдрөөр бид үзэл бодлоо илэрхийлсэн гэхэд шүүгч “Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа бол хууль дүрэмдээ захирагдах ёстой” гэсэн. Албан тушаалтнууд хууль дүрмээ дагадаг бол бид адилхан л хуулиа дагана.

-Англид та бүхэнтэй адил нэгэн эмэгтэй бас офшор дансыг эсэргүүцэж жагссан шүү дээ?

-Англид эрхээ хамгаалаад жагсаж байгаа хүмүүстэй тэдний хууль хүчнийхэн хэрхэн харьцдаг. Бидэнтэй цагдаа, шүүх хэрхэн харьцсан нь төр иргэндээ яаж ханддагийг л харуулсан. Барууны орнуудад хүний эрх дээд цэгтээ хүрч, эрхээ хамгаалахаар жагсаж тэмцэх шаардлагагүй. Харин ээжүүд ан амьтны эрхийн төлөө жагсаж байна. Гэтэл бид нүцгэлээд ч өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй, үг хэл үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байна.

Төр эмэгтэйчүүдийг шалдлах хэмжээнд хүртэл нь дорой сул ажиллаж байна. Англид цагдаа нар нь амжилт хүсье гээд гар бариад явж байна. Харин манайд цагдаа нар эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцаж, доромжилж шууд ачаад явж байна. Бид төрийн төлөө оготно боож үхэв гэгчээр хар амиа хамгаалаад гэртээ суугаад байвал үр хүүхдэд маань ямар эх орон үлдэх бол гэж бодохоос тэмцэхээс өөр аргагүй байсан.

-Утаа, хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл гээд нийгэмд болж бүтэхгүй зүйл олон байна. Яагаад заавал офшор данстай хүмүүсийг эсэргүүцсэн юм бэ?

-Бидний тэмцэл маш өргөн хүрээтэй. Энэ тэмцлийн нэг хэлбэр, салаа мөчир нь  офшор дансыг эсэргүүцэх. Гадаадад офшор дансанд нуусан 17 тэрбум ам.доллар бол яалт ч үгүй Монгол Улс, ард түмэн, байгалийн өмч. Тиймээс ирээдүйгээ сайн сайхан байлгаж, өр ширнээсээ салахын тулд бид хамгийн түрүүнд офшортой тэмцэх ёстой. Монголын нийт ард түмний өмч болсон байгалийн баялагыг нууцаар худалдсан мөнгөө гадаадад нуусан хүмүүстэй тэмцэх ёстой.

Офшорт байгаа 17 тэрбум ам.долларыг заавал Монгол Улсад буцааж авчирч, эздэд нь хариуцлага тооцохыг шаардаж байна. Хэдэн үеэрээ тансаглаад барахааргүй мөнгө офшор дансандаа хадгалсан байгааг иргэний нийгмийн байгууллагууд хэлсэн. Төрөх, хоолонд орох, шүдээ эмчлүүлэхдээ хүртэл гадагшаа явдаг гэсэн. Олигархиудын эхнэрүүд нэг муу хүзүүний нимгэн ороолт 8,000 ам.доллараар авчихаад юу ч бодолгүй гарч байхад  8,000 төгрөгийн ороолт авч чадахгүй хүн зөндөө байгаа нь хулгай дээрэм дээд цэгтээ хүрснийг л харуулж байгаа юм.

Жирийн иргэн авсан зээлээ төлж чадахгүй бол гэр оронд нь очоод өнгөтэй өөдтэй бүхнийг нь цөлмөөд авчихдаг хэрнээ яагаад ард түмний мөнгөнөөс хулгайлсан хүмүүсээ шалгахгүй байгаа юм. Яагаад офшор данс дахь мөнгийг татаад аваад ирэх эрх мэдэлгүй юм. Цагдаа нар, хууль хяналтынхан халаасны хулгайтай тэмцээд байгаа болохоос эх орон, ард түмнээсээ хулгай хийсэн хүмүүстэй тэмцэхгүй байна. Халаасны хулгайч нэг хүнийг хохироож байхад албан тушаалтнууд улс орныг бүхэлд нь хохироож байна.

-Офшортой тэмцэх хуулийг хэлэлцэж эхэлсэн. Хуулийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Офшортой тэмцэх хууль гээд их урт нэртэй хууль яриад байсан ч таг чиг боллоо. Хуулийг даруй батлах шаардлагатай. Зарим улстөрчид офшорт гэр бүлийн гишүүдийг нь  хамруулахыг  хориглох нь хүний эрх зөрчиж байна гэж ярьж байна. Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийн адил зүйл болно. Ямар ч тэнэг хүн өөрийнхөө нэр дээр мөнгө нуухгүй. Офшор данстнуудыг илрүүлж хариуцлага тооцохгүй юм бол хууль нэртэй зүйл гаргахаа болих хэрэгтэй.

Төр хэзээ ч биш одоо л офшор данс эзэмшигчдэд төмөр нүүрээ харуулах цаг болсон. Төмөр нүүрээ жирийн ард түмэнд л харуулаад байгаа болохоос хэдэн тэрбумаар нь идэж байгаа хүмүүсийг яагаад зүгээр явуулаад байгаа юм бэ. Монгол Улс офшор данс дахь тэр их мөнгийг эх орондоо авчирбал хямралаас гарна. 

-Энэ өдрүүдэд олон нийтийн дэмжлэг хэр мэдрэгдэж байна вэ?

-Дахиад ийм жагсаал хийвэл оролцъё гэсэн бүсгүйчүүд маш олон бий. Яагаад хэлээгүй юм бэ гэж гомдож байгаа нь ч цөөнгүй байна. Маш олон хүмүүс дэмжиж, холбогдож байгаа. Олон нийтийн хүчтэй дэмжлэг болж  урам өгч байгаа учраас дахиад нэгдье гэж ярьж төлөвлөж байгаа. Магадгүй шалдан бүсгүйчүүд  хотын төвөөр парад алхвал гайхах зүйлгүй.

Бүсгүйчүүд дээр үеэсээ л цэвэр ичимтгий, гэртээ хүртэл задгай хувцас өмсдөггүй. Гэтэл төр биднийг түмний өмнө нүцгэлэх нөхцөл байдалд орууллаа. Монголын төр цэвэр ариун, маш бага хулгай хийсэн хүн ч хатуу шийтгэл амсдаг байсан үе бий. Гэтэл одоо хэн их сайн хулгай хийж, газар нутгаа худалдсан нь хамгийн сайн явж дээд суудалд сууж сайхан амьдарч байна. Төрд ард түмний хяналт хэрэгтэй байгаа.

-Энэ жагсаал цаашаа өргөжөөд явбал улс төрийн зорилготой болчих юм биш биз гэж болгоомжлох хүмүүс ч байсан?

-Улс төрийн зорилго агуулах байсан бол анхнаасаа нүцгэлэх шаардлагагүй байсан. Зориг, золиос гаргасан бидний ажлын үр дүн ч утгагүй болж хувирна. Мөнгөний төлөө гэж бодсон бол нүцгэлэхгүй байсан. Тэмцлийнхээ дараа хэвлэлийн хурал хийе гэсэн ч мөнгө байгаагүй. Бор зүрхээрээ л явж байна.

Зураг