Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тал хятад цэргүүдийн үлдэгдэл ясыг Хятадад хүлээлгэн өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын тал Солонгосын дайнд амь үрэгдсэн Хятадын 28 цэргийн ясны үлдэгдлийг эх оронд нь хүлээлгэн өгчээ.

Хүн тус бүрийн үлдэгдлийг савласан модон хайрцагнуудыг Хятадын хүндэт харуулын цэргүүд хүлээж авах ажиллагаа Инчеоны олон улсын нисэх буудалд болсон байна.

 

1950-1953 онд болсон Солонгосын дайнд Бээжин хэдэн сая цэргээ илгээж Хойд Солонгосыг АНУ-Өмнөд Солонгосын цэрэгт эзлэгдэхээс аварсан гэдэг. Энэ дайны үеэр 180,000 гаруй хятад цэрэг алагдсан гэдэг тоо бий.

“Амь үрэгдсэн Хятад цэргүүдэд хүндэтгэлтэй хандсан Өмнөд Солонгосын иргэд, хэвлэл мэдээллийнхний нөхөрсөг ёс, сайн санаанд талархаж байна” хэмээн Хятадын иргэний асуудал хариуцсан дэд сайд Сүн Шаочень арга хэмжээний үеэр ярьсан байна.

Гурван жилийн өмнө хоёр орны удирдагчид уулзахдаа амь үрэгдсэн хятад цэргүүдийн шарилын үлдэгдлийг шилжүүлж авахаар тохирсон ба тэр цагаас хойш нийт 569 хэсэг үлдэгдлийг шилжүүлээд байна.

 

Хэдийгээр сүүлийн үед THAAD системээс үүдэлтэй үл ойлголцол Бээжин-Сөүлийн хооронд байгаа ч Өмнөд Солонгосын тал ийнхүү амлалтаа биелүүлжээ.

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд хоёр улсын хоорондын харилцаа хүндрэлтэй тулгараад байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэхүү арга хэмжээг түүнтэй холболгүй, хүмүүнлэгийн асуудал гэж үзэж байгаагаа тайлбарласан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post