Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Мөнхбат: Чанаргүй зээлийн хэмжээ ойролцоогоор нэг их наяд байна

Ц.Мягмарбаяр, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 23
Зууны мэдээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийх болсонтой холбогдуулан Монголбанкны Бодлого зохицуулалтын хэлтсийн захирал Ё.Мөнхбатаас тодрууллаа.

-Олон улсын валютын сангаас банкуудад активын чанарын үнэлгээ хийх шаардлага тавигдсан гэсэн энэ ажил ямар төвшинд байна вэ?

-Олон улсын валютын хөтөлбөрийн стандартын нэг хэсэгт санхүүгийн салбарын зуучлалын үйлчилгээг хэвийн явуулж чадаж байна уу гэдэг үнэлгээ байдаг. Энэ нь шинэ зүйл биш хөтөлбөрийн хүрээнд хийгддэг зүйл. Монгол Улсын хувьд банкны салбарын актив хэмжээний чанарын үнэлгээг гадны хөндлөнгийн байгууллагаар хийлгэхээр тохиролцсон.

Хөтөлбөрийг ажлын хэсгийн төвшинд тохиролцсон. Одоогоор дөрөвдүгээр сард болох гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр Монгол банк үүргээ хүлээсэн. Ажил хоёрдугаар сараас эхлээд явж байна. Тиймээс валютын сангийн гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө амжихаар байгаа.

-Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийгдсэний дараа ямар өөрчлөлт гарна гэж харж байна вэ?

-Одоо хэлэхэд эрт байна. Үнэлгээний үр дүнгээс цаашид юун дээр анхаарах нь тодорхой харагдана. Активын чанарын үнэлгээгээр банкны алдагдлын хэмжээ харагдана. Ингэснээр цаашид авах apгa хэмжээг банкны тухай хуулиар зохицуулагдаж шийдэгдэнэ.

-Өмнө манай улс гурван ч удаа олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнд ямар өөрчлөлт гарч байсан бол?    

-Хамгийн сүүлд 2009 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр активын чанарын үнэлгээ хийгдэж байсан. Үр дүн нь Монголбанкны хяналт шалгалтын үр дүнгээс ялгаагүй байсан. Нэг их зөрүү байгаагүй. Энэ удаа ч мөн адил байна гэсэн хүлээлттэй байна.

-Арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ ямар түвшинд байна вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ ойролцоогоор нэг их наяд. Татан буугдсан банкыг оруулсан оруулаагүйгээр хоёр оор тоо гарч байна. Статистик мэдээгээр татан буугдсан банкны зээлийг чанаргүй зээлийн төвшинд авч үздэг бол хяналт шалгалтын хувьд одоо үйл ажиллагаа явуулж байгаа банкны чанаргүй зээлийг тооцдог. Тэгэхээр 7.1 их наяд төгрөг байгаа юм. Ер нь арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж, чанаргүй зээлийг зогсоож санхүүгийн чадамжгүй банкыг татан буулгах юм.

-Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийх чимээнээр чанаргүй зээл ихтэй банкнаас хадгаламж эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, иргэд хадгаламжаа татаж эхэлбэл Монголбанк үүнд ямар хаалт хийх вэ?

-Активын чанарын үнэлгээ хийнэ гэдэг банкуудын санхүүгийн чадамж ямар байгааг тогтоож мэдээлэх ач холбогдолтой. Үнэлгээ хийнэ гэснээр хадгаламж эзэмшигчдийн мөнгө гадагшаа татагдана гэсэн ойлголт байж болохгүй.

Харин үнэлгээ муу гарсан тохиолдолд уг банканд итгэх итгэлцэл буурч сайн үнэлгээтэй гарсан банк руу мөнгөө байршуулах явдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манайх иргэдийн хадгаламжийг даатгалд даатгуулсан байгаа учраас санаа зовох шаардлагагүй.

Зураг