Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч дуудлагын эзэнд хатуу хариуцлага тооцъё

Ж.Отгон
2017 оны 3 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 утсанд хуурамч дуудлага өгөх, тоглох явдал гарч байгаа талаар албаныхан анхааруулдаг. Эдгээр хуурамч дуудлагуудыг хүүхдүүд өгсөн байдаг. Гэхдээ хүүхэд хуурамч дуудлага өгч тогложээ гээд хариуцлага хүлээхгүй өнгөрдөггүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцдог.

Гэтэл энэ удаад насанд хүрсэн согтуу нөхөр утсаар ярихын тулд нийгмийг цочроосон хуурамч мэдээлэл өгсөн тохиолдол гарлаа. Тодруулбал, энэ сарын 21-22-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.

Энэхүү мэдээллийн дагуу Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажиллаж, уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал болохыг олж тогтоосон байгаа юм. Улмаар энэхүү худал мэдээллийг тараасан этгээдийг эрэн сурвалжилж Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 1962 онд төрсөн,эрэгтэй Ж гэгч тараасан болохыг тогтоон, шалгаж эхэлжээ.

Харин иргэн Ж болсон үйл явдлын талаар “Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн. Тэр мэдээллийг эмийн сангийнхан 102-т хэлсэн юм байна.

Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Энэ мэт худал мэдээлэл тарааж, цагдаад худал мэдээлэл өгч болдоггүй юм байна. Миний худал хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэж хээвнэг яриад сууж байх жишээтэй. 

Түүний худал мэдээлэл өгч буй дүрс нь хяналтын камерын бичлэгт үлдсэн учир төвөггүй бариад авсан байгаа юм. Уг нь 50 шүргэж яваа энэ иргэн хуурамч дуудлага өгч тоглохын оронд тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас тэдний ажилд хүндрэл учруулахгүй байхыг үр хүүхэд, ач, гучдаа заадаг баймаар.

Хэн нэгэн нь хуурамч дуудлага өгч тоглож байх хооронд айл шатаж, гамшиг осолд хүн амиа алдаж байвал яах юм. Угаасаа ч хуурамч дуудлагын гайгаар цаг алдсанаас болоод тэдэн хүн эд хөрөнгө, эрүүл мэнд амь насаараа хохирсон гэсэн тоо, баримт байж л байгаа. Гэхдээ яг таг гаргах боломжгүй байх.Одоо ямар ямар дугаараас залгасан байна, хэн гэдэг хүн эзэмшиж байна гэдгийг нь олж чадахгүй гэх биш.

Угаасаа манай улсад хариуцлагын тогтолцоо сул байгаа болохоор хүмүүс дур зоргоороо авирласаар л байгаа юм. Тийм болохоор энэ асуудал дээр хариуцлагын тогтолцоог маш сайн боловсруулж, торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Тэгж байж л хуурамч дуудлага өгөх асуудал багасах биз.

Зураг