Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Түүхээ түгээн дэлгэрүүлэх түүхэн алхамууд

ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс үндэстэн бүхэн түүх, угсаа гарвалаа аль болох эртнийх болгохыг эрмэлздэг. Ингэж хэт эрмэлзсэнээс болж өөрт байгаагүй түүхийг зохиох, огт өөр үндэстний түүхийг өөрт хамаатуулах зэрэг соёл иргэншилт хүний нүдээр харвал инээдтэй, бүдүүлэг үйлдлүүд үе үе гарах болжээ. Харин бидний монголчуудын хувьд түүхэн байр сууриа өсгөх гэж хичээх шаардлага ер үгүй. Өөрийн үндэстний туулж ирсэн түүхийг тулхтайхан гаргаад тавьчихад л эртний соёл иргэншилт, их улсуудтай мөр зэрэгцэн, ёс хэлэлцэх түүхэн өндөр байр суурьтай билээ. 

Энэ өндөр байр суурь, түүхэн нэр төрөөрөө орчин цагийн Монголчууд бид хангалттай бахархаж, омогшдог. Харамсалтай нь түүхээ хүндэлж, түгээн дэлгэрүүлж, хамгийн гол нь түүнийгээ ойлгож байгаа нь цөөхөн. Уг нь Монголын түүхийг дэлхийн бусад үндэстний эрдэмтэн мэргэд ч, Монголын ухаант бичгийн хүмүүс ч хангалттай бичиж үлдээсэн. Чингис хааныхаа нэрийг чанга хэлэхээс ч айдаг цаг тэртээд хоцорч, энэ их өвийг монголчууд бид цэгцэлж, зөвхөн судлаачдын хүрээнд биш энгийн ард иргэд ч уншиж, ойлгох цаг нь иржээ. Ц.Элбэгдорж гэдэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа эх түүхээ зохих ёсоор нь хүндэтгэх, өвөг дээдсийнхээ түүхийг улс төрөөс ангид, алсуур харах тухайд чамгүй их ажил амжуулсан нь магадгүй түүний хамгийн том гавьяа байх. 

Байх  ёстой байранд тавив

Улс төржсөн явцуу өнцөгөөс хардгаас болж монголчууд өөрсдийн байтугай бүх дэлхийн түүхийг өөрчилсөн их гүрнүүдийнхээ ойг тэмдэглэдэггүй байсан нь гашуун ч гэсэн үнэн. Энэ ойлгомжгүй байдлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр гаргасан зарлигаараа нэг мөр болгож өгсөн. Монголын  тулгар төр Хүннүгийн гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарсанаас хойш монголчууд бид баяр наадмаараа өвөг дээдсийнхээ их түүхийг бүтэн тэмдэглэх болов. Энэ бол Монголчуудын хэдэн арван үеэрээ, лавтайяа хагас мянган жилийн турш хүсэн хүлээсэн агшин билээ. 

Түүнчлэн 2011 оноос Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгов. Монгол Улсын шинэ түүхийн эхлэл цэг болсон энэ өдрийг улс төрийн явцуу санаархлыг даван иргэд, ирээдүй хойчдоо зүй зохисоор нь мэдүүлэхэд Ерөнхийлөгчийн нөлөө их байсан. 

Нийтлэлч Баабар:

АРДЫН ҮГ: Түүхээ түгээн дэлгэрүүлэх түүхэн алхамууд-Хоёр мянга хоёр зуун жилийн төр улсын түүхтэй эртний гүрэн гэж бодох, зарлах, тэмдэглэх нь маш ач холбогдолтой зүйл юм. Одоо болтол хятадууд албан ёсоор биднийг 1921 онд л эх газраасаа салж тусгаарласан улс гэж үзээд байдаг юм шүү дээ. Нүүдэлчид арай ч дэлхийн хамгийн ууган иргэншлийн нэгийг байгуулсан хятадуудаас өмнө төр улсыг байгуулсан гэж хэлэхгүй л дээ, гэхдээ хоёр мянга гаруй жилийн түүх гэдэг бахархах урт хугацаа мөн.

“Шашдирын чуулган” монгол хэлнээ… 

Түүхэн ойн өдрүүдийг түүхэн байр суурийнх нь дагуу тэмдэглэж, Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг Үндэсний бахархлын өдөр болгож, тэр өдөр үндэстнээсээ тодорсон сор хүмүүнд нэрэмжит шагналыг нь олгодог болсон гээд монголчууд цаашдын түүхийн салшгүй хэсэг болох зарлигуудаас гадна Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ивээл дор элбэлцэж босгосон номон суваргуудын тухай түүний эрх мэдлээ гурван сар хүрэхгүй хугацааны дараа өгөх гэж буй энэ өдрүүдэд ярих ёстой. Учир нь дор өгүүлэх номуудыг өөрийгөө монгол хүнд тооцдог, түүхээ мэдэхийг хүсдэг хүн бүхэн уншууштай, номын сандаа заавал байлгах байх учиртай бүтээлүүд юм. 

“Шашдирын чуулган” хэмээх Монголын түүхийн гол сурвалж бичгийг орчуулан гаргаад дөрвөн жил өнгөрчээ. Чингис хааны хүү Тулуйн удам, Монголын Ил Хаант улсын хаан Хасаны санаачилга удирдлагаар, Рашид-Аддин Фазлуллах хэмээх түшмэлийн бичсэн энэхүү шашдир “Монголын нууц товчоо”-ны дараа орох түүхийн тулгуур бүтээл.

“Шашдирын чуулган”-ыг бүтээхэд Болод Чинсан тэргүүтэй Монгол мэргэдийн баг оролцсон учраас эзлэгдсэн улсын хонзогнон бичсэн түүхээс эрс ялгаатай, гол судар юм.  Ийнхүү Монголын түүхийг өгүүлсэн нэгэн томоохон эх зохиол Монгол хэлэндээ буулаа. 

Дуун хөрвүүлэгч Хатагин Го.Аким:

АРДЫН ҮГ: Түүхээ түгээн дэлгэрүүлэх түүхэн алхамууд-“Шашдирын чуулган”-ыг “бүхлээр нь унших юмсан, болж өгвөл орчуулах юмсан” гэсэн сэтгэл төрөгдөж байсныг нуух юун. Тэгээд тэр бодлоо манай нэртэй нэг эрдэмтэнтэй хуваалцахад “Тэрүүнийг орчуулж яах юм” гэж их л голонгуй дуугарахад нь гайхаж байсан сан. Тэгсэн нь, манай түүхчид “Шашдирын чуулган”-аас будаа идээд өөрөө бичсэн мэтээр зүүлт тайлбаргүй гаргадаг байсан юм билээ л дээ. Хэрэв орчуулаад гаргачихвал тэдний булхай баригдах байсан юм билээ л дээ. Гэвч молхи би олон жил сэтгэлийн мухарт тээж явсан нандин мөрөөдлөө өдгөө ажил болгосондоо баярлаж буй бөлгөө...

Түүхэн оролцоогоо батлав

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх Ерөнхийлөгч дэмжжээ. Дэлхийн түүх, улс төрийн хамгийн хүнд үед монголчууд хүчирхэг хөршүүдээ үндэстэн даяараа сэтгэл харамгүй туслаж байсныг үгээр биш гэрэл зургаар хүүрнэсэн эл бүтээлүүд XX зууны түүхээ бодитоор харах нэгэн цонх болно. 

Түүх бичлэг нь өөрөө түүх болсон номууд

Монголчууд өөрийн түүхээ өөрийн гараар бичиж үлдээсэн долоон боть номыг Ерөнхийлөгчийн ивээл дор шинээр хэвлэн, Монгол орны өнцөг булан бүхэнд тараав. XX зуунд Монголын бичгийн мэргэд, төр засгийн зүтгэлтнүүдийн чөмгөө дундалж бичсэн эх зохиолууд ийнхүү шинэ үсгээр шинэ үеийн уншигчдад хүрэв.  Долоон боть номыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амарын “Монголын товч түүх”-ээр эхлүүлжээ. Хоёр дахь боть нь түүхч, эрдэмтэн Базарын Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”. Гурав дахь нь 1930-аад оны үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан өвөрлөгч эрдэмтэн Б.Буянчуулганы “Манж Монголын холбогдсон түүхт байдал” ном. Түүний энэ бүтээл нь тун сонирхолтой, түүхийн гол эх сурвалж гэж эрдэмтэд олзуурхдаг билээ.

“Монголын эх түүх” цувралын дөрөв дэх бүтээл Шүүх яамны сайд асан, нэрт түүхч, Магсаржав Хурцын “Монгол Улсын шинэ түүх” ном. Дараагийн боть бол түүхч Лхамсүрэнгийн Дэндэвийн “Монгол Улсын товч түүх” бүтээл. Зургаа дахь дэвтэрт Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэгмид нарын 1940-өөд онд бичсэн “Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан түүх”-ийг хэвлэжээ. Уг номуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Монголын түүх” хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэвлэж, олон нийтийн хүртээл (2015) болгосон. 

“Монголын эх түүх” цуврал бүтээлийн авторууд түүхэн цаг үеийн үйл явдлуудыг Монгол бичгээр, сонгодог хэл найруулгаар бичсэн байсныг түүхч З.Лонжид, төрийн соёрхолт түүхч О.Батсайхан тэргүүтэй эрдэмтэд кирилл бичигт буулгажээ. 

Ил хаадын судалгааны шинэ эхлэл 

Османы эзэнт улсын тухай “Агуу зуун” гэдэг олон ангит кино монголчуудыг нэг хэсэгтээ л байлдан дагуулсан. Энэ их эзэнт гүрнээс өмнө Араб дахины байлдан дагуулсан өвөг дээдэс маань Османы эзэнт гүрнээс илүү гарна уу гэхээс дутахгүй их түүхийг бүтэээсэн гэдгийг монголчууд мэдэх болов уу. Хэл, шашны ялгаанаас болж одоогийн монголчуудад төдий тодорхой бус өвөг дээдсийн маань энэ түүхийг сөхөн харах ажлыг Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлжээ. 

Их ажлын эхлэл болгож МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы “Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; “Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл;  “Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат киног бүтээх төслийг дэмжжээ. Ил хаадын энэ судалгаа бол ердөө эхлэл. Энэ замаар цаашид хойчийн олон залуус явж, дэлхийг байлдан дагуулж явсан өвөг дээдсийнхээ түүхийг үргэлжлүүлэн бичих нь дамжиггүй. 

Дэлхийн хаанаас ч эх түүхээ, эх хэл дээрээ унших боломж 

Монголын түүхийн сурвалжууд нэг харамсаар онцлогтой. Тэр нь олдоц ховор. Энэ сул талыг цахим эринд шийдэх их ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилжээ.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг  сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан байна. 

Монголын түүхийн тулгуур сурвалж, судалгааны 200 гаруй бүтээлийг дэлхийн хаанаас ч монгол хэлээр унших боломжтой болов. Та ганц л хаяг мэдэж байхад болно. mongoltoli.mn

Эртний түүхээ эмхлэв

Алдарт түүхч Гүнжийн Сүхбаатарын эртний түүхийн судалгаа орчин цагийн хүмүүст олдохуйяа ховор ном болсон. Чингис хаанаас өмнөх Монголын их түүхийг Монголчууд өөрсдөө бичсэн нь нүдний гэм учраас арга ч үгүй биз. Нэг сэдвээр дагнан судалсан эрдэмтэн олон бий ч, тэгдээрийг эмхэтгэн цогц түүх хүүрнэсэн бүтээл эрхгүй үгүйлэгдэж байлаа. Энэ түүхийн цагаан толбыг арилгах үүрэг хүссэн хүсээгүй Монгол Улсын төрийн тэргүүнд оногдох нь мэдээж. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд “Монголын эртний түүх” (5 боть) номыг бүтээж, сар гаруйхны өмнө олон нийтэд танилцуулав.

Монголын эртний улсуудийн түүхийн  тэргүүн “Хүннү” ботийг доктор П.Дэлгэржаргал,  З.Батсайхан, Дэд “Сяньби” ботийг доктор П.Дэлгэржаргал, гутгаар  “Жужан” ботийг доктор С.Өлзийбаяр,  А.Энхбат, дөтгөөр “Түрэг, Уйгар” ботийг доктор Б.Батсүрэн докторант Мөнхтулга, тавдугаар “Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” ботийг доктор Б.Батсүрэн, Б.Чинзориг, Э.Жигмэддорж нар  тус бүр бичжээ.

Түүхийн ухааны доктор Ж. Болдбаатар:

АРДЫН ҮГ: Түүхээ түгээн дэлгэрүүлэх түүхэн алхамууд-Энд түүхэн үйл явдал болж байна. Монголын эртний түүхийг хураангуйлсан таван ботийг идэр залуу эрдэмтэд бүтээлээ. Залуу эрдэмтэд бүгд бидний шавь нар. Ахмад үеийн түүхчдийг хэн залгамжлах бол гэсэн болгоомжлол бидний үеийнхэнд байсан. Тэгвэл бидний залгамжлагчид  багаараа гарч ирлээ.