Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат киног ОУ-ын кино наадамд өрсөлдүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

-"Дэлхийн соён гэгээрүүлэгчид" цувралын хүрээнд Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийж байна-

Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийж буй талаар өнөөдөр уран бүтээлчдийн баг мэдээлэл хийлээ.  

Энэхүү баримтат кинонд зөвхөн Хамба лам Д.Нацагдоржийн ажил бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх, соёл, боловсрол, хөгжил, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалыг дэлхийн үзэгчдэд хүргэхээрээ чухал ач холбогдолтой бүтээл болж байгаа аж. 

Түүнчлэн урьд өмнө нь бүтээж байсан баримтат киногоороо олон улсын кино наадмуудаас томоохон шагналуудыг авч, алдаршсан Бенжамин Жонс тус киноны найруулагчаар ажиллаж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэхүү цувралдаа Хамба лам Д.Нацагдоржийг яагаад сонгох болсон талаараа “Константин надад Хамба лам Д.Нацагдоржийг цувралдаа оруулахыг санал болгосон. Энэ нь ч маш зөв сонголт байлаа. Хамба ламын амьдрал, түүх болоод хийж буй ажил нь үнэхээр сонирхолтой. Баримтат кино маань олон улсын зэрэглэлтэй бөгөөд бид зургаадугаар сард бэлэн болгохоор төлөвлөсөн. Бэлэн болсных нь дараагаар олон улсын кино наадмуудад өрсөлдүүлэх бодолтой байна” гэлээ. 

Тус киноны зөвлөхөөр ажилласан Константин Палвидис нь уламжлалт анагаах ухаан судалдаг бөгөөд Хамба лам Д.Нацагдоржтой 20 жилийн өмнө Лондонд анх уулзаж байсан хэмээгээд “Хамба лам Д.Нацагдорж бол Монголын уламжлалт анагаах ухааныг өдий зэрэгтэй авч яваа хүн. Мөн буддын гүн ухаан, соён гэгээрүүлэх гээд маш олон ажлыг хийж, ачааны хүндийг үүрч яваа. Тэр бол яах аргагүй гайхалтай соён гэгээрүүлэгчдийн нэг” гэв.

Киноны зураг авалтыг Улаанбаатар хотод болон Хамба лам Д.Нацагдоржийн төрсөн нутаг болон Завхан аймагт  хийсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын эхээр сүүлийн зураг авалт нь Лондон хотод үргэлжлэхээр болжээ. Киног зургаадугаар сар гэхэд бэлэн болгож, 7-8-р сард Монголын үзэгчдэд хүргэх юм байна. Энэ талаар найруулагч Бенжамин Жонс “Биднийг Завхан аймгийнхан маш халуун дотноор хүлээн авч, бидэнд олон зүйлээр тусалж дэмжсэн. Тиймээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож, 7-8-р сард Монголд албан ёсны нээлтийг хийж, Завхан аймагт болон Цагаанчулуут сумын иргэдэд киногоо үзүүлэх болно” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат киноны зураглаачаар “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг Холливудын алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай зураглаач Жерри Васбенпер ажиллаж байна.