Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын иргэд анх удаа Японоос илүү Хятадад дургүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Сөүл хотын төв

Хуучин колоничлогч байсан Япон улсад үргэлж таагүй ханддаг байсан Өмнөд Солонгосчууд сүүлийн үеийн хэрэг явдлаас болоод Хятадыг илүү муугаар харах болсон нь судалгаанаас харагджээ.

Өмнөд Солонгосын иргэд дайны үеийн харгислал, 200,000 солонгос эмэгтэйг сэкс боол болгож байсан түүхээс улбаатайгаар Хойд Солонгосын дараа Япон улсыг дайснаа гэж тогтмол үздэг байв.

Харин өнгөрсөн оноос эхэлсэн АНУ-ын THAAD пуужингаас хамгаалах системийг суурилуулахтай холбоотой маргаан Сөүл-Бээжингийн харилцааг эрс муутгаад байгаа нь үүнийг өөрчилсөн байна. Өмнөдийнхөн THAAD-ийг Хойд Солонгосын довтолгооноос хамгаалахаас өөр зорилгогүй гэж тайлбарладаг. Харин Хятадын тал өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж, газар нутгийг нь хянах боломжтой болж байна хэмээн хатуу эсэргүүцэж байгаа.

THAAD-ийн суурилуулалтыг зогсоохын тулд Бээжин Өмнөд Солонгост янз бүрийн эдийн засгийн дарамт үзүүлэх болсон юм. Тухайлбал K-pop хамтлаг дуучдын тоглолтыг цуцлах, жуулчдаа илгээхээ зогсоох, Өмнөдийн хөрөнгө оруулалттай дэлгүүрүүдийг бойкотлох гэх мэт.

0-10 хүртэл оноогоор үнэлдэг Асан Гадаад Бодлогын Хүрээлэнгийн судалгаанд оролцсон солонгосчууд өнгөрсөн нэгдүгээр сард Хятадад 4.31 оноо өгч байсан бол гуравдугаар сард 3.21 оноо болж буурсан байна.

Дайны үеийн сэкс боолчлолын тухай маргаанаас болоод Японы үнэлгээ ч 3.56-аас 3.33 болж буурчээ. Гэхдээ Хятадын үнэлгээ анх удаа Японыхоос доор гарсан нь энэ юм.

Тус хүрээлэнгийн мэдэгдэлд “Солонгосчууд Японоос илүү Хятадад таагүй хандаж эхэлсэн нь гайхмаар үзүүлэлт” гэжээ.

Мөн гадаад орнуудын удирдагч нарын үнэлгээг үзэхэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын рэйтинг бүгд буурсан хэдий ч Хятадын төрийн тэргүүний үнэлгээ 4.25-аас 3.01 болж, нэгээс гуравдугаар сарын хооронд хамгийн их буурсан байна. Ганц сайн үзүүлэлт нь Ши Жиньпиний үнэлгээ унасан ч Шинзо Абэгийн дээр байгаа ажээ.

Насанд хүрсэн 1,000 хүнээс гуравдугаар сарын 6-8-ны хооронд авсан энэхүү судалгаанд THAAD системийг суурилуулахыг дэмжсэн хүний хувь 46.3-аас 50.6 болж нэмэгдсэн байна. Харин эсэргүүцэгчид өнгөрсөн арваннэгдүгээр сард 45.7 хувь байснаа 37.9 хувь болж буурчээ.

 

Эх сурвалж: AFP