Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: С.Зоригийн хэргээс ил болгосон ОНЦЛОХ НАЙМАН БАРИМТ

Ч.Болортуяа
2017 оны 3 сарын 22
iKon.MN

Улстөрийн зүтгэлтэн С.Зоригийн аллагын гэмт хэрэгтэй холбоотой улсын нууцаас гаргахыг зөвшөөрсөн хэсгүүдээс  ноцтой баримтуудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн  "Цагийн Хүрд"  нэвтрүүлгээр дэлгэв. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгожээ.

Тэгвэл энэхүү ярилцлагыг  бид МҮОНТ-ийн зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр та бүхэнд дахин хүргэж байна. 

ВИДЕО:

Мөн Нийслэлийн Прокурорын Газрын Хэрэг Бүртгэх, Мөрдөн Байцаах Ажиллагаанд Хяналт Тавих Хэлтсийн Дарга Ж.Сандагсүрэнгийн мэдээллээс онцлох НАЙМАН баримтыг дор буулгав. 

 

  1. 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр энэ хэрэгт өнөөдөр яллагдаад байгаа Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн. Энэ хэрэг гэнэт илэрсэн биш 18 жилийн хугацаанд хийсэн мөрдөн байцаалтын явцад цуглуулагдсан нотлох баримтад тулгуурласан. 
  2. Амгаланбаатар нь хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан ч 18 настай гэж хэлэхэд хэн ч итгэхээр бие бялдрын хөгжил сайтай байсан. Үүнийг Амгаланбаатартай үерхэж байсан эмэгтэй шүүх хуралдааны үеэр гэрчлэв. 
  3. Хэрэг үйлдсэн Амгаланбаатар нь талийгаач С.Зоригийн гэрийг таньсан. Үүнийг нь засвар хийсэн угаалгын өрөөг таниулж батгалгаажуулсан. Энэхүү нотлох бичлэгт Амгаланбаатар ярихдаа Содномдаржаа "Авгайг нь амьд үлдээгээрэй" гэж хэлсэн тухай дурджээ. Мөн тэрбээр аллага хийсэн байрны угаалгын өрөө маш их өөрчлөгдөж засвар хийсэн байгааг таньсан гэв. 
  4. Мөрдөн байцаалтын явцад С.Зориг агсанг дөрвөн хүн бүлэглэж санаатай алсан гэдгийг тогтоосон. Энэ дөрвөн хүний нэг нь Содномдаржаа, Амгаланбаатар нарын гарт амиа алдсан нь мөн нотлогдсон. 
  5. С.Зоригийн хамтран амьдрагч Булган нь энэ хэргийн яах аргагүй нэг гэрч мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдрийн Байцаан шийтгэх хуулиар гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зөвийг мэдэж байгаа хүнийг гэрч гэж үзэж байгаа. Тэгвэл Булган энэ хэрэгт холбогдон шалгагдсан. Гэхдээ түүний хэргийг нотлох баримт бүрдээгүй гэдэг үүднээс  хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр тухайн хүн хуулийн дагуу гэрчийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж байгаа юм. 
  6. Яллагдагчдын мэдүүлэг бусад нотлох баримтаар батлагдах ёстой хууль мөрдөгдөж байгаа. Амгаланбаатар жишээ нь С.Зориг агсныг хэрхэн хөнөөсөн тухайгаа дүрсэлжээ. Тэрбээр талийгаачийг эхлээд урдаас нь 2 удаа хутгалсаны дараа С.Зориг босч ирж Содномдаржааг боож зогссон тухай ярьжээ. Харин Содномдаржаа нь тухайн үед гэрийн гадаа байсан тухай ярьсаныг Ж.Сандагсүрэн прокурор үгүйсгэв. 
  7. Хэргийн гэрч эмэгтэй шүүх хуралдааны үеэр яллагдагч Амгаланбаатар, Содномдаржаа нарыг хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө хэрэг болсон байрны орчимд эргэлдэж байсан хүмүүс болохыг таньсан гэв. 
  8. Тухайн хэргийг үйлдэхийг харсан Булганы өгсөн мэдүүлгээс гаргасан гэмт хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зураг хэрхэн таарч байгааг харуулав. 

     

Энэ хэргийг захиалсан этгээдийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа тул мөрдөн байцаалтын нууц гэдгийг Ж.Сандагсүрэн прокурор хэллээ.