Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Золзаяа: Бүсгүйчүүд таргалалтаас айж, эрүүл бус сонголтуудыг хийж байна

Ж.Отгон
2017 оны 3 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Дэлхий дахинд 2017 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн сарыг “Be Bold for Change” буюу “Өөрчлөлтийн төлөө зоригтой бай” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ нь “IC Creative Division” студитэй хамтран АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр “Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэнг UB Art Gallery-д нээгээд байгаа. Тус үзэсгэлэнгээр дамжуулан гоо сайхан бол тогтсон, хэвшмэл ойлголт биш болохыг харуулахыг зорьжээ. Энэхүү үзэсгэлэнгийн талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Д.Золзаяатай ярилцлаа.

-“Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэнг яагаад гаргах болов. Гоо сайхан гэх тогтсон, хэвшмэл ойлголтыг яагаад эвдэхийг хүссэн юм бол?

-Энэхүү үзэсгэлэн маань хоёр дахь удаагаа гарч байгаа. Өмнө нь 2014 онд гарч байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнг гаргах ямар шаардлага хэрэгцээ байсан гэхээр 800 гаруй эмэгтэйчүүдээс судалгаа авахад 90-95 хувь буюу дийлэнх нь биедээ сэтгэл хангалуун бус байдаг гэсэн хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө биеийн аль нэг хэсэгт тааламжгүй ханддаг гэсэн үг.

Гэтэл ийнхүү өөртөө сэтгэл хангалуун бус байдаг байдалд нь хувийн амьдрал болоод ажил мэргэжил, карьерынх нь бүх нөхцөл байдалд нь нөлөөлж байдаг. Уг асуудал зөвхөн Монголд биш. Эмэгтэй хүн өөрийнхөө гадаад байдалд сэтгэл хангалуун бус байдаг байдал нь дэлхий дахинд байдаг асуудал. 

-Эмэгтэйчүүдийн гадаад байдалд сэтгэл хангалуун бус байх байдал нь юунаас болоод байгаа гэж харж байна? 

-Энэ юутай холбоотой вэ гэхээр ихэнхдээ өөрт байгаа онцлог байдлаа таашааж, түүнийгээ гэрэлтүүлж чадахгүй байгаатай холбоотой. Түүний оронд ямар нэгэн өөр зүйлтэй өөрийгөө харьцуулаад байдагт учир нь байгаа юм. Тухайлбал, ихэнх бүсгүйчүүд сэтгүүлийн нүүрэнд гарсан фото модел, загвар өмсөгч, дуучин, жүжигчинтэй өөрийгөө харьцуулаад байдаг. Загвар өмсөгч хүн гэдэг бол өөрийн гэсэн онцлогтой, ажил мэргэжилтэй түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байдаг хүмүүсийн төлөөлөл байгаа.

Гэтэл огт өөр ажил, мэргэжилтэй, тэс өөр биеийн хэлбэр хэмжээтэй эмэгтэйчүүд тэр хүн шиг болох гэснээрээ маш их цаг хугацаа, мөнгө, бие сэтгэлээрээ хохирч байдаг. Үүнээс маш олон бүсгүйчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, биедээ хортой хоолны дэглэм барих, удаан хугацаанд юм идэхгүй явах, өндөр үнэтэй тураах бэлдмэл уух зэрэг нь эмэгтэйчүүдийн гадаад байдалд эерэг гэхээсээ сөрөг байдлаар нөлөөлж байдаг. Тиймээс манай үзэсгэлэнгийн зорилго “Бид бүгд энэ биеэрээ хорвоод ирсэн гэдэг бол энэ л бие цогцосдоо сэтгэл хангалуун аз жаргалтайгаар өөрийнхөө түүхийг бүтээх учиртай юм” гэсэн санааг илэрхийлж буй. Өөрт байгаа гоо үзэсгэлэнгээ мэдэрснээр түүнийгээ гэрэлтүүлэх хэрэгтэй.

Биеийнхээ аль хэсэг нь сайхан юм, гоё юм түүнийгээ гэрэлтүүлдэг байх ёстой гэсэн үг. Гэтэл бүсгүйчүүд маань одоо өглөө босоод толинд харахдаа “хамраа өндөрлүүлэх юмсан, нүдэндээ давхраа хийлгэхсэн” гэж боддог, хардаг. Магадгүй бүсгүйчүүд маань ингэж боддог, хардаг болоход нөлөөлж байгаа хамгийн том хөшүүрэг нь зар сурталчилгаанууд байж болох юм. Тухайлбал, ямар нэгэн гоо сайхны брэнд бүтээгдэхүүнүүд “Та үүнийг ав, түүнийг ид, үүнийг хэрэглээд энэ бүсгүй шиг болно” гээд эмэгтэйчүүдэд нөгөө хийсвэр дүр төрхийг тулгаж байдаг.

Хийсвэр гэсний учир нь зар сурталчилгаанд тоглож байгаа загвар өмсөгч нь ч өөрөө түүнтэйгээ адилхан байхад хэцүү шүү дээ. Тухайн зургийг нь маш их хэмжээгээр янзалж байж зар сурталчилгааны зургийг бүтээдэг. Гэхдээ сурталчилгаагаа хийхдээ “Энэ бүтээгдэхүүнийг аваад хэрэглэчихвэл энэ бүсгүй шиг болно” гээд байдаг. Тиймээс энэ бүхнийг бодож, тунгаагаад өөртөө байгаа гоо сайхнаа гэрэлтүүлээрэй гэдгийг бүсгүйчүүддээ хэлэхийг хүсэж байгаа юм. 

-Өмнө нь 2014 онд гаргаж байсан үзэсгэлэн мөн ийм сэдэвтэй байсан юм уу?

-Тухайн үед гарч байсан үзэсгэлэнд бүсгүйчүүд өөрийнхөөрөө л зургаа даруулсан. Харин энэ удаад дэлхийн шилдэг 22 уран зургийн бүтээлийг сонгож аваад, түүнийгээ орчин үеийн хэлбэрт оруулсан. Эдгээр бүтээлүүдийг сонгож авах болсон бэ гэхээр тухайн үеийн зураачид, уран бүтээлчид өөртөө сайхан гэж харагдаж байгаа, үзэгдэж байгаа мэдрэмжүүдээ өөрийнхөөрөө илэрхийлж чадсан.

Үүнээс үзэхэд бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн гэдэг бол тогтсон хэвшмэл ойлголт болох 90х60х90 гэдэг биш юм гэдгийг ойлгох болно. Энд дэлгэгдсэн бүх бүтээлүүдийг эзэд бүсгүйчүүдийн гоо сайхныг өөр өөр нүдээр харж, байдаг юм шүү гэдгийг илэрхийлж чадсан. 

-Үзэсгэлэнгийн зураг дахь моделиудаа яаж сонгов. Ихэнх нь нүцгэн байна. Мэдээж эдгээр бүсгүйчүүдээс нэлээд зориг шаардсан байх?

-Тийм ээ. Нүцгэн зургаа олон нийтэд дэлгэнэ гэдэг амаргүй байх нь ойлгомжтой. Бидний хувьд бүсгүйчүүддээ байнга сургалт явуулдаг. Өөрийнхөө биед сэтгэл хангалуун байх, биеийн гадаад төрх зэрэг цуврал сургалтуудыг явуулдаг юм. Тиймээс сургалтынхаа явцад бүсгүйчүүдтэйгээ ярилцдаг. Яагаад бид биедээ сэтгэл хангалуун байх нь чухал юм. Сэтгэл хангалуун байх нь миний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэдгийг мэддэг. Судалгаагаар бүсгүйчүүд гадаад биедээ сэтгэл хангалуун бус үедээ ажлын амжилт үзүүлэлт нь өндөр хувиар буурдаг гэдгийг тогтоочихсон. Тухайлбал, олон хүний өмнө нэг илтгэл тавих байлаа гэхэд илтгэлтэйгээ холбоотой зүйл бодохгүй “Би ямар харагдаж байгаа бол. Тэр хэсэг маань ингэж харагдаж байгаа болов уу” гэх зэргээр шал өөр зүйл боддог.

Түүнчлэн их олон цагийг хэн нэгэн шиг болохын тулд зарцуулж, хөгжих боломжоосоо хумсалж байдаг зэргийг бүсгүйчүүдтэйгээ ярилцаж, тэд маань энэхүү энгийн агуулгыг ойлгож, мэдэрдэг. Энэ бүхний үр дүнд бусад бүсгүйчүүдэд ч үүнийг ойлгуулах нь зөв юм байна гэдэг үүднээс энэхүү зоригтой алхмыг хийж, зургаа даруулсан. Түүнээс гудамжинд явж байгаа хэн нэгнийг шууд хөтөлж ирээд л зургийг нь авна гэж байхгүй. Сүүлийн үед өсвөр насны охидын дунд хоолоо идчихээд буцаагаад бөөлжиж гаргах өвчин ч гарч эхлээд байгаа. Учир нь таргалалтаас бүгд айж байна. Тиймээс ч эрүүл бус сонголтуудыг хийж байгаа юм. 

-Бүсгүйчүүдийг сургалтад хамруулдаг гэлээ. Магадгүй бүсгүйчүүд маань бидний ярилцлагыг уншаад танай сургалтад хамрагдахыг хүсэх байх? 

-“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ сургалт зохион байгуулдаг. Манайх Ням гараг бүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагааны тухайд гэвэл тухай бүрт нь манай фэйсбүүк хуудсанд зарлагддаг. Тиймээс хүссэн бүсгүйчүүд маань манай нээлттэй үйл ажиллагаанд ирж, оролцоод явж болно. Үүнээс гадна жендэрийн тэгш эрхийн төлөө үйл ажиллагаан дотор гэхэд “Жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зэргээр олон сонирхолтой сургалтууд, ярилцлагууд явагддаг. Түүнчлэн “Залуусын хөгжлийг дэмжих буюу ардчиллын боловсролыг түгээх” хөтөлбөр гээд олон төрлийн үйл ажиллагаа байгаа. Тэр бүгд нээлттэй болдог. 

-Энэхүү үзэсгэлэнгийн дараа хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байгаа вэ?

-Ойрын үед гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг түгээх чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Хууль батлуулахыг нийгмээрээ шаардсан. Тэгвэл уг хууль иргэн бидний оролцоо ямар байх, бидний эрхийг хэрхэн хамгаалж байгаа юм гэдгийг хүмүүст таниулах болно. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтын талаар, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл түгээх гээд олон ажил хүлээж байгаа. Бэлгийн боловсролын тухайд гэхэд л хүмүүс хоорондоо, эцэг, эх нь хүүхэдтэйгээ тэр бүр яриад байдаггүй. Ийм байхад ерөнхий боловсролын хичээлийг нь хасаад хаячихсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хими, физикийн хичээлийн цагийг нэмээд эрүүл мэндийн хичээлийг хасчихсан.

Гэтэл биеийн тамирын багш хүүхдүүдтэйгээ бэлгийн боловсрол яриад зогсохгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хүн бүр эрдэмтэн болохгүй. Харин хүн бүр бэлгийн харилцаанд ордог шүү дээ. Ийнхүү эрүүл мэндийн болон бэлгийн боловсролгүй хүн гэхээр бид ирээдүйд ямар иргэн бэлтгэж байна гэдэг нь өөрөө асуудал болоод байгаа. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг орхигдуулж огт болохгүй. Бид ч энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна. 

Зураг