Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Н.Наранбат Чехийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земанд 3 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барилаа.

БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земан Элчин сайд Н.Наранбатыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Н.Наранбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Милош Земанд уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлжээ.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Милош Земан илэрхийлээд Элчин сайд Н.Наранбатад ажлын амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад харилцааны газрын дарга Рудольф Индрак, Гадаад хэргийн дэд сайд Лукаш Кауцкий зэрэг албаны хүмүүс байлцав.


Элчин сайд Н.Наранбат нь ХУИС-ийн чех хэлний ангийг төгссөн. Унаган чех хэлтэй. Англи, орос хэлний мэдлэгтэй.

2000 онд ГХЯ-ны Ази, Африк газраас ажлын гараагаа эхэлсэн.

Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ болон өөрчлөн зохион байгуулагдахад нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.

 

Эх сурвалж: ГХЯ