Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сөрөг хүчний улс төрч Навальный ногоон нүүртэй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сибирийн Барнаул хотод ирээд байсан Оросын сөрөг хүчний улс төрч, блогчин Алексей Навальныйн нүүрэнд ногоон өнгийн эмнэлгийн ариутгагч бодис цацсан хэрэг гаржээ.

Цагдаа нар хэргийг шалгаж байгаа ч одоогоор эзнийг нь олоогүй байна. Түүнтэй уулзсан нэгэн иргэн нүүр рүү нь гэнэт шингэн бодис шүршсэн бөгөөд хүчил цацсан гэж бодоод ихэд айсан тухайгаа Навальный блогтоо бичжээ.

Гэвч энэ нь эмч нарын шарханд түрхдэг ариутгалын бодис байсныг тэр бас бичсэн байна. Энэхүү бодисын онцлог нь арилгахад хэцүү гэнэ.

Навальный Барнаулд өөрийн Авлигатай Тэмцэх Сангийн салбарыг нээхээр ирээд байсан юм. Навальный энэ явдлыг эрх баригчдын явууллага гэж үзэж байгаагаа нуугаагүй байна. Үүнээс өмнө түүнийг Новосибирск хотод цуглаанд оролцож байхад үл таних хүмүүс түүхий өндөг шидэж байжээ.

Алексей Навальный бол 2018 онд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа улс төрч. Түүнээс гадна Либерал Ардчилсан Намын дарга Владимир Жириновский, Яблоко намын үүсгэн байгуулагч Григорий Явлинский нар өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм.

Саяхан түүнд таван жилийн тэнсэн харгалзах ял оноосон нь Навальныйг сонгуульд нэр дэвших боломжгүй болгож байгаа. Гэхдээ тэр Дээд шүүхэд давж заалдсанаар сонгуульд оролцох эрхтэй болно гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today