Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Нямхорлоо: Автобусны хөдөлгүүр, бүхээгийн хэсэгт гал тархсан байсан

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
 

- Автобус нь 2007 онд Солонгос улсад үйлдэврлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол Улсад орж иржээ -

Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн Онцгой байдлын газраас хамтран шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын орчимд Баруун салаа-Халдварт /Ч-41/ чиглэлийн том оврын автобус шатсан осол өнөөдөр гарсан юм. Дуудлага 09:37 минутанд ирсэн бөгөөд гал гарах үед гэмтэж, бэртсэн хүн байхгүй юм.

Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Өнөөдөр өглөө Баруун салаа-Халдварт-Их тойргийн чиглэлд явж байсан 3671 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гал гарсан. Ойролцоогоор 6-7 хүн зорчиж явсан. Зорчигчдоос гэмтэж бэртсэн, гал түймэртэй холбоотойгоор угаартсан хүн байхгүй.

Автобус нь 2007 онд Солонгос улсад үйлдэврлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол Улсад импортоор орж ирж, автобаазад зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан тээврийн хэрэгсэл байгаа.

Өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гаргах шалгах механик бүх автобаазуудад байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс тормоз, гэрэл дохио, өнгө үзэмжийг шалгадаг боловч далд цахилгааны талыг шалгах боломжгүй байдаг.

Тухайн үед Чингэлтэй дүүргийн Онцгой байдалд дуудлага өгч, 09:43 минутын үед гал унтраах анги очиж, бүрэн унтрааж дуусгасан. Одоогийн байдлаар гэмтэл хохирлын зэргийг тогтоох боломжгүй байна” гэлээ.

"Хөдөлгүүрийн хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн дүгнэлттэй байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Н.Нямхорлоо “Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 10-р ангийн бие бүрэлдэхүүн очсон байгаа.

Очиход тухайн автобуснаас зорчигчдыг бүрэн буулгасан, хөдөлгүүрийн хэсэг, бүхээгийн хэсэгт гал тархсан байдалтай байсан. Гал унтраах анги 20 минутын хугацаанд 30 литр хөөс ашиглан унтрааж ажилласан. Гал гарах болсон шалтгаан нөхцөл 14 хоногийн хугацаанд гарна.

Үндсэндээ хөдөлгүүрийн хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн дүгнэлттэй байна” хэмээн тайлбарлалаа.