Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гараа угаахад, жорлонгийн усыг татахад хаягдал ус байнга гарч байдаг"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
 

Энэ жил Дэлхийн усны өдрийг "Хаягдал ус" уриатайгаар тэмдэглэж байгаа. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бохир усны талаар мэдээлэл хийлээ.

НЭМҮТ, орчны эрүүл мэндийн албаны мэргэжилтэн И.Болормаа "Бидний ууж байгаа ус тодорхой хэрэгцээний дараа хаягдал ус болдог. Хаягдал усыг яаж зөв зохистой хэрэглэх, эргээд ямар нөөц баялаг болох вэ гэдэг асуудал дээр бид илүү төвлөрч ярих ёстой.

Эрүүл мэндийн салбараас бид хаягдал усны талаар ард түмэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилтыг энэ удаад дэвшүүлж байна. Ваннанд ус бүрэн дүүргээд ороход нийтдээ 250-300 литр усыг нэг удаагийн усанд оролтоороо алдаж байдаг. Харин шүршүүрт ороход энэ тооноос 2-3 дахин бага ус хэрэглэдэг.

Гараа угаахад, жорлонгийн усыг татахад тус тус 10 литр ус зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ мэтчилэн хаягдал ус бидний өдөр тутмын үйл ажиллагаанд байнга гарч ирдэг. Энэ нь эрүүл мэндийн талаасаа зөв зохистой үйлдэл мэт боловч, усаа хэмнэх боломж их байдаг. 

Манай улсын хувьд ундны усны чанарын хувьд сайн гэсэн үнэлгээтэй. Гэхдээ, Говь, Хангай, Хээрийн бүсүүдэд ундны усанд тодорхой хэмжээний эрсдэлжилт, хатуулаг байдаг.

НЭМҮТ-өөс 2016 онд нийслэлийн гэр хороолол болон айл өрхүүдийн хоногийн усны бодит хэмжээ ямар байдаг талаарх судалгааг гаргаж үзсэн. Судалгаанаас үзэхэд, гэр хороололд амьдарч байгаа өрхийн нэг хүнд ноогдох хоногийн усны хэмжээ нь 15.5 литр байдаг. Гэтэл орон сууцанд амьдарч байгаа нэг хүнд 90 литр ус зарцуулагдаж байдаг. 

Орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр боловч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж хэмжээнээс хэтрэхгүй байгаа юм. Гэхдээ гэр хороолол болон орон сууцны усны хэрэглээ ялгаатай байгаа нь хүний эрүүл, аюулгүй амьдрах түвшин ялгаатай байгаагийн илрэл болж байна" гэлээ.

Бохир ус нь маш олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетүүд, хүний биед амьдардаг шимэгч хорхойнууд, зарим хавдар үүсгэгч, эмгэг төрөгчид, янз бүрийн хортой химийн бодис болон гадаргын идэвхт фосфор органик нэгдлүүдийг агуулдаг аж. 

Нийслэлд оршин сууж байгаа гэр хорооллын 300 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлоогүй, нүхэн жорлон угаадасны нүхний стандартад нийцэхгүй байгаа нь усны чанар, хөрсний бохирдлын эх үүсвэр болж буй.

Тиймээс 2017 онд иргэдэд мэдлэг олгох зорилгоор дэлхийн усны өдрийг угтан Хаягдал ус сэдэвт хурал, уулзалтуудыг зохион байгуулсаар байгаа аж.