Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Дараагийн удаа Сирийн хамгаалалтын системийг үгүй хийнэ”

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 3 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Израилын Батлан хамгаалахын сайд Авигдор Льебермэн мэдэгдэл хийж, “Сири дахиад манай нисэх онгоц руу гал нээвэл эргэлзээгүй агаарын довтолгооноос хамгаалах системийг нь үгүй хийнэ" хэмээн сүрдүүллээ. Израилын цэргийн нисэх онгоц Сирийн нутаг дэвсгэр дэх хэд хэдэн цэгүүдэд агаараас цохилт өгсөн.

Харин үүний дараа Сири газар агаар ангиллын пуужингаар Израилын тал руу гал нээсэн билээ. Тэгвэл энэ явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Израилын олон нийтийн радиогоор дамжуулан мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр “Сири дахиад манай агаарын хөлөг рүү агаарын довтолгооноос хамгаалах системээ ашиглавал, эргэлзээгүй түүнийг нь сүйтгэх болно” гэж хэлжээ. Израилын цэргийн онгоц энэ сарын 17-ны өдрийн үүрээр Сирийн хэд хэдэн зорилтот цэгт агаараас довтолсон байна.

Энэ довтолгооныг тус улсын Ерөнхий сайд Беньямин Натянаху Ливаны лалын шийтийн бүлэглэл болох Хезболлахын эсрэг хийсэн довтолгоо хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч Сирийн арми хэт даврагч “Лалын улс” бүлэглэлээс энэ сард чөлөөлөөд удаагүй байгаа түүх дурсгалын Пальмир хотын ойролцоо үүрээр агаараас цохилт өгсөн Израилын цэргийн нэг онгоцыг сөнөөж, өөр нэг онгоцыг гэмтээсэн хэмээн тус улсын “САНА” агентлаг мэдээлсэн юм.

Гэсэн ч, Израилын тал үгүйсгэж байна. Израилын цэргийн армийн мэдээллээр Сирийг агаараас бөмбөгдсөний дараа “хэд хэдэн газар агаар ангилалын пуужин” харвасан ч, Израилын онгоцыг онож тусаж чадаагүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн, Израилын зарим мэдээллийн хэрэгсэл тус улсын агаарын довтолгооноос хамгаалах “Arrow” систем нь нэг удаа пуужин харвасан гэж дамжуулж байна. Ливаны шийтийн Хезболлах гэгч бүлэглэл Израилын эсрэг дайнд бэлтгэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Гэхдээ хамгийн гол асуудал нь тус бүлэглэл шаардагдах сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг хэрэгслээ Сирийн нутгаар дамжуулан авч байгааг Израил онцолж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Авигдор Льебермэн “Өдөр бүр энэ мэтээр Ливаны зэвсэгт босогчид сүүлийн үеийн дэвшилтэт техникээр хүчээ зузаатгаж байна.

Харин бид энэ тоглоомын дүрмийг өөрчилж, зэвсэг хэрэгслээ шилжүүлэхээс нь өмнө таслах зогсоох арга хэмжээ авч ажиллана” гэж ярьжээ. Ямартай ч, энэ удаагийн хэрэг зургаан жилийн өмнө Сирийн иргэний дайн эхэлснээс хойш хоёр улсын хооронд үүссэн хамгийн ноцтой асуудал болж байгаа юм.

Зураг