Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхдөл: Гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөж буй. Энэ талаар “Cover Mongolia” компанийн ерөнхий захирал Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өсөж байгаа хандлагыг бид хэрхэн ашигласнаар эдийн засгийн өсөлтийг дэмжих вэ?

-Манай гол экспортын бүтээгдэхүүн болох зэс ойрын хугацаанд өсөх хандлагатай байна. Учир нь дэлхийн хэмжээнд ажиллаж байсан томоохон уурхайнууд хаагдах шатандаа орж байгаа юм. Тэгэхээр 2019-2020 оноос эхлэн дэлхийн зах зээл дээр зэсийн дутагдал гарч ирэх таамаглалыг олон улсын шинжээчид хэлж байна. Энэ үеэр Оюутолгойн далд уурхайн анхны олборлолт эхэлснээр манай улсын эдийн засагт өсөлт авч ирэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс ойрын ирээдүйд уул уурхайгаас олох ашиг нэмэгдэнэ.

Харин энэ үед өмнөх алдаагаа давтаж болохгүй. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн өсөлтөөс хамааралтай эдийн засгийн тэлэлтийг буруу ашигласан нь одоогийн сургамжийг бидэнд өгсөн. Өөрөөр хэлбэл, олсон орлогоо хуримтлал үүсгэхгүйгээр төсвөө тэлэх замаар зарцуулсан алдаагаа давтаж болохгүй. Тиймээс төсөвт орж байгаа орлогыг ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Тухайлбал, өсөлтийн мөчлөг рүү орж байгаа үеийг үр дүнтэйгээр ашиглахын тулд “Баялгийн сан”-гаа байгуулах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр Баялгийн сангийн тухай хууль батлагдсан боловч одоогоор бодит ажил хэрэг болоогүй байна.

-Эдийн засгийн огцом өсөлтийг дагасан төсвийн зардлыг нэмэгдүүлж болохгүй гэдгийг ярьдаг болсон нь сайн хэрэг. Тэгэхээр төсвийн сахилга батыг нутагшуулах боломж нь ОУВС-гаас авах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” байж болох юм гэдгийг эдийн засагчид онцолж байгаа шүү дээ.

-2009 онд ОУВС орж ирэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан нь дэвшил байсан. Тухайлбал, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй, Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоосон. Гэвч алхам. алхмаар сахилга батыг сулруулсаар байгаад эдийн засгийн нөхцөл байдал муудсан гэж болно. Үүнээс гадна төсвийн гадуурх төсөвтэй адилтгаж болох зардал гарч байсан шүү дээ. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк болон Төвбанкнаас төсвийн шинж чанартай хөрөнгө оруулалт гарсан нь Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлж байсан. Энэ үед ОУВС-гаас өгсөн зөвлөмжийг дагаагүй. Тиймээс тус байгууллагаас төсвөө нэгтгэхийг шаардсан учраас эхний үед энэ шаардлагыг биелүүлэх байх. Харин цаашид мөрдөх, төсвийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй.

Мэдээж Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж байгаа учраас боломжгүй зүйл биш. Үүний үр дүнд олсон орлогынхоо зарцуулалт болон төсвөөс хэт давсан өр тавихгүй байхад суралцах учиртай. Түүхий эдийн үнэ өсөж, буурах мөчлөгтэй. Мэдээж хэсэг хугацааны дараа үнэ унах нь зайлшгүй. Тэр үед төсвийн сахилга батыг хэрэгжүүлснээр хүнд үеийг хялбар давах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ унах мөчлөгийн үед Засгийн газар өрөө төлөх чадвартай байх хэрэгтэй.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж эхлэх тэр үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон. Харин сэргэх үед нь тухайн компаниудаа хэрхэн дэмжих боломжтой вэ?

- Уул уурхайн салбарыг зохицуулдаг хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгаснаар уналтад орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих. сэргэхэд нь туслах боломжтой. Түүнээс тухайн аж ахуйн нэгж, компанитай холбоотой хөрөнгө санхүү, өрийн асуудлыг нь шийдвэрлэх боломжгүй. Улс төрийн болон хууль эрх зүйн орчин тогтвортой байгаагаа гадны хөрөнгө оруулагчдад ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр компаниудад төрийн зүгээс үзүүлж буй томоохон дэмжлэг. Компаниудын хувьд санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа хэдий ч менежмент болон маркетингаа сайжруулах нь зүйтэй.

-Гадны хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарт ажиллах итгэл буурсан шүү дээ. Үүнийг сэргээхийн тулд шу хийх хэрэгтэй вэ?

-Гадны хөрөнгө оруулагчдын хүлээж байсан зүйл нь гадаад зах зээлд тавьсан томоохон өрийг төлж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байсан. Эдийн засгийн хувьд тогтвортой байх исэх нь хүлээлт үүсгэсэн. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг авах болсноор итгэлийг cjp-гээх эхний алхам болж байна. Түүнчлэн уул уурхай, эдийн засгаа дэмжиж ажиллах нь тодорхой болж байгаа гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс тус сангийн шаардлагыг биелүүлэн хугацаанд нь амжиж орох нь чухал. Ингэснээр гадны хөрөнгө оруулагч манай улс руу орж ирэх хандлага сэргэнэ. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсөж байгаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхоод эхэлсэн байгаа юм шүү дээ.

Зураг