Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батсуурь сайд аа, боловсролын салбарт улстөржилт хэрэггүй

Р.Саруул
2017 оны 3 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Үүрэг гүйцэтгэгч бус, сонгон шалгаруулалт явуулж, захирлыг томилдог болъё- 

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд БСШУСЯ-ны дэд сайд асан Я.Төмөрбаатар гэх эрхэм түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. Ийнхүү олон нийтийн өмнө захирал асан Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн мэт харагдаж байгаа ч түүнд ажлаа яаралтай өг, өөрийн хүсэлтээр өргөдөл гарга гэсэн дарамт шахалт ихээр ирсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн Р.Бат-Эрдэнэ захирлыг хэсэг оюутнууд, оюутнуудын кредит цагийн мөнгөнөөс ууж идсэн гэх мэдээллийг олон нийтэд давтамжтайгаар цацаж байсан нь түүний ажлыг эртнээс авахаар зэхэж байсны шинж гэцгээж байна. 

Гэтэл өнгөрсөн баасан гарагт үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Я.Төмөрбаатарыг өчигдрөөс эхлэн тус сургуулийн захирлаар жинхэлсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдлаа. Уг нь аливаа нэгэн албан тушаалтныг жинхлэх болбол заавал сонгон шалгаруулалт зарлаж, тухайн албан тушаалд тэнцсэн этгээдийг төрийн албаны зөвлөлөөс баталгаажуулдаг хуулийн заалттай. Энэ талаар баттай эх сурвалжаас асуухад “Я.Төмөрбаатарыг жинхэлсэн гэх мэдээлэл сайтуудаар гарах болсон.

Уг нь түүнийг энэ сарын 17-ны өдөр тус сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сонгон шалгаруулалт явагдаагүй байхад жинхлэх боломж байхгүй. Энэ худлаа мэдээлэл” хэмээсэн юм. Ямартай ч түүнийг жинхэлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй худал байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр Р.Бат-Эрдэнэ захирал ажлаа гэнэт өгсөн ч үүний араас сонгон шалгаруулалт зарлаж, дараагийн захирлыг томилох боломж бололцоо нь бүрэн байсан гэнэ. 

Туршлагатай хүмүүс сонгон шалгаруулалтад орохоор зэхэж байсан

Тухайлбал, тус сургуулийн захирал асан С.Төмөр-Очир, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди зэрэг өндөр боловсролтой, олонд танигдсан эрхмүүд захирлын суудалд хүч үзэхээр зэхэж байжээ. Сонгон шалгаруулалтыг хүлээж байсан С.Төмөр-Очир өмнө нь Боловсролын сайд, дэд сайд, УИХ дахь хуучнаар МАХН-ын бүлгийн ахлагч, УИХ-ын дарга, МУИС-ийн захирлаар тус тус ажиллаж байсан нэгэн юм. Харин Т.Ганди нь УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Монголд Улсаас Унгар улсад суух Элчин сайд гээд төрийн албыг хашиж байсан. Төрд бэлтгэгдсэн ийм “луухгарууд” захирлын сонгон шалгаруулалтыг хүлээж байхад Я.Төмөрбаатарыг гэнэт тус албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь олны анхаарлыг татаж байна. 

Тэгвэл түүнийг МУИС-ийн захирлын албыг хаших мэргэжлийн боловсон хүчин мөн үү гэдгийг анкетаас нь цухасхан харъя. Төгссөн сургуулийн тухайд Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн ч залуучуудын байгууллагад голдуу ажилласан болохоос бус боловсролын байгууллагад ажиллаж байгаагүй нэгэн аж. Харин АН, МАН хоёр хамтарч засаг байгуулахад МАН-ыг төлөөлж, БСШУС-ын дэд сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал эргээд хариуцлага хүлээх чадамжгүй байдаг

Эндээс Я.Төмөрбаатар боловсролын байгууллагад ажиллаж байсан гэх туршлага бага юм уу даа гэж харагдаж байна. Түүний хашиж буй үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал нь эргээд хариуцлага хүлээх чадамжгүй. Хатуухан хэлэхэд монголчууд хоноцын сэтгэл гэж ярьдаг. Хоноц гэдэг нь өнөөдөр хоночихоод, маргааш мордоод яваад өгөх учраас жинхэнэ томилогдоогүй, түр хүмүүс яаж ажиллах юм бэ гэдгийг л хэлж буй юм. Үүнээс гадна БСШУСЯ-ныхан Я.Төмөрбаатарыг түр орлон гүйцэтгэгч гэж томилоод, цалинжуулж буй нь төрийн албан хаагчийн ямар статусыг барьж буй юм бол.

Хэрвээ энэ шийдвэрийг хэн нэгэн Захиргааны шүүхэд хууль бус гэж өгөх юм бол асуудал гарна. Яг ийм асуудал өнгөрсөн хугацаанд олонтаа гарч байсныг бид бүгд мэднэ. Харин нөгөө талдаа түр орлон гүйцэтгэгчдийн олонх нь энэ албан тушаалдаа хэвээрээ хоцорч, тэр ч байтугай 3-4 хүн ээлжлэн улстөрийн бялуу хуваалт маягаар дамжуулдаг жишиг ч тогтжээ. Яг энэ үйл явдал МАН-ын Засгийн газрын үед МУИС-д бас л тохиолоо. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурь Боловсролын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад их, дээд сургуулийн багш нар боловсролын байгууллагын захирлуудыг хууль бусаар халах ажлаа эхлүүллээ хэмээн хардаж байсан билээ. Тухайлбал, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж Их дээд сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг доод тал нь 50 хувь байхаар өөрчилсөн.

Үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ж.Батсуурь тушаал гаргаж, МУИС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС-ийн удирдах зөвлөлийн даргыг өөрчилсөн. Мөн хуульд өөрчлөлт орсноор сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг нэмэгдүүлсэн юм. Ингэж хуульд өөрчлөлт оруулснаар эрх баригч МАН өөрийн хүнээ их, дээд сургуулийн захирлаар томилох, сургуулийн захирлуудыг өөрчлөх нь гэсэн хардлага боловсролын салбарт үүсээд байсан юм. Үүнийг маш энгийнээр тайлбарлахад аливаа нэг сургуулийн захирал эрх барьж байгаа нам, салбарын сайдынхаа гар хөл нь байдаг.

Тэгэхээр төрийн өмчийн сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 орчим хувьд улс төрийн нөлөө ордог гэсэн үг. Бүр тодруулбал, 60 орчим хувийг улстөрчид бүрдүүлдэг. Удирдах зөвлөлийн гишүүд сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй, тогтмол цалин авдаггүй ч сургуулийн төсөв батлах гэх мэт санхүүжилттэй холбоотой бүх л шийдвэрт гар бие оролцож, сургалтын төлбөрийн хэм хэмжээг тогтоодог учраас энэ албан тушаал маш их эрэлттэй байдаг гэсэн үг. Уг нь 2016 оны дөрөвдүгээр сард Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байсан юм.

БСШУ-ы өмнөх сайд “Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудыг улс төрөөс хараат бус болгох бодлогыг баримталсан” гэсэн ч засаг барьж буй нам болгон энэ мэтээр өөрчлөлт оруулаад байгаа нь Монгол төрийн залгамж халаа, бодлого тодорхойлогч хүмүүс Монголын боловсролын байгууллагыг хааш нь чиглүүлж байна вэ гэж хардахад хүргэж байна.

Монголчууд нэгэн цагт “Мал дагавал ам тосодно” гэж ярьдаг байсан. Тэгвэл өнөө цагт “Нам дагавал ам тосодно” гэж хошигнодог болжээ. Түүнтэй адил Монголын №1 их сургууль, эрдмийн их өргөө болсон МУИС-ийн захирлын албан тушаалд боловсролын байгууллагын ямар ч дадлага туршлагагүй нэгэн үүрэг гүйцэтгэгч гэх нэрээр шургалан орсон нь олон ч хүний гайхширал төрүүлж байна. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-иас эхэллээ. Эцэст нь хэлэхэд Ж.Батсуурь сайд аа, хүн сургахад ямар ч улстөр хэрэггүй.

Зураг