Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн Гана улс 110 сайдтай нүсэр засгийн газар байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн Гана улсын ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт 110 сайдтай нүсэр засгийн газар байгуулснаар шүүмжлэлийн бай болоод байна.

Өмнөх засгийн газрын үед тогтсон зардлыг танана хэмээн амласан ерөнхийлөгч Нана Акуфо Аддо эсрэгээр нь бүтцээ томсгосноо улс орноо хөгжүүлэхэд “шаардлагатай хөрөнгө оруулалт” гэж хаацайлжээ.

Ганын засгийн газарт өмнө нь 56 сайд, дэд сайд байсан бол шинэ танхимд 4 төрийн сайд, 50 дэд сайд нэмж суулгаснаар 110 сайдтай болж байгаа юм.

Ингэснээр 1992 онд ардчилсан үндсэн хуультай болсон, 27 сая хүн амтай Ганын хувьд түүхэнд дээд амжилт тогтоож байна.

Телевизээр ярилцлага өгөхдөө Акуфо Аддо “том засгийн газартай болсноор зардал өснө гэсэн хүмүүсийн болгоомжлолыг би мэдэж байна” гээд “Гэхдээ энэ нь улс орноо хурдтай хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт юм” гэж тайлбарлажээ.

Тэр бас олон сайд нарыг амарч зугаалах гэж биш, ажиллах гэж томилогдож байгааг ойлгохыг олон нийтээс хүссэн байна.

Акуфо Аддо нь өнгөрсөн арванхоёрдугаар сард эдийн засгийн асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэнэ хэмээн амлаж ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Шинэ танхимын бүтцээр хөдөө аж ахуйн яам нь сайд, төрийн сайд, гурван орлогч сайд, нийтдээ таван сайдтай яам болж байна. Өөр дөрвөн яам ийм маягаар сайд нарын тоогоо нэмэгдүүлжээ.

Сайд бүр сарын $4,000-ын цалин, доод тал нь хоёр автомашин, үнэгүй шатахуун, орон сууц, урсгал зардал, хувийн хамгаалалт улсаас авах юм байна.

Сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байгаа бол засгийн газар өөрөө амбицтай төлөвлөгөө нь биелвэл шүүмжлэл зогсоно гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Харьцуулбал 65 сая хүн амтай Их Британий засгийн газарт 120 сайд ажилладаг ажээ.

 

Эх сурвалж: Independent