Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амундра: Монголын телевизүүд 2016 онд 52 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн...

Б.Ану
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Үндэсний олон нийтийн телевизээс бусад телевиз эцсийн хэрэглэгч буюу үзэгчдээс ямар нэгэн хураамж, төлбөр авдаггүй бөгөөд энэ нь олон нийт тэднээс ямар нэгэн байдлаар соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, ёс зүйтэй байхыг шаардах эрхгүй болгож байгааг салбарынхан онцолдог. 

Тиймээс ч монголын телевизүүд эцсийн хэрэглэгчээс мөнгө авах буюу үзэгчдийн IPTV зэрэг үйлчилгээнд төлж байгаа мөнгөнөөс үзэлтийн рейтингээсээ хамаарсан төлбөрийг цуглуулах ёстой талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж энэхүү зохицуулалтыг төр хийхийг шаардсаар буй. 

Гэвч Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл нь телевиз, олон нийтийн энэхүү эрх ашгийг хангасан хууль болж чадаагүй талаар салбарынхан хэлж байна. 

"Монголын телевизүүдийн форум 2017" өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдсан билээ. 

Чухам яагаад төлбөрийн энэхүү загварчлалд орох ёстой талаар Монгол Масс Медиа, Гүйцэтгэх захирал А.Амундра телевизүүдийн форумын үеэр "Медиа зах зээл ба контентын чиг хандлага кэйс танилцуулга" -даа тодорхой тайлбарлажээ. 

А.Амундрагийн ярьж буйгаар 2016 онд телевизийн салбар дахь борлуулт 52 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс "Гэр контент" групп гэхэд  8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. 

Тэгвэл үнэхээр шударга тогтолцоогоор буюу рейтингэд суурилсан зарчмаар борлуулалт хийсэн бол нэмж 5-6 тэрбум төгрөгийн орлого олж түүнийгээ эргээд солонгос биш чанартай монгол агуулгад зарцуулах боломжтой байсан талаар А.Амундра ярилаа. 

Телевизийн зах зээлийн борлуулалт шударга зарчимд шилжих нь хэвлэл мэдээллийн салбар дахь нийт орлого хуваарилалтад сайнаар нөлөөлөх эцсийн дүндээ олон нийтийн чанартай сайн агуулга хүлээж авах тогтолцоо бүрдэх эерэг сайн талтай. 

Тиймээс ч энэ асуудал нь хүн бүртэй холбоотой чухал асуудал юм. 

А.Амундрагийн илтгэлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.