Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Телевизүүдийг цэгцлэх үүрэгтэй хуульд ТАЛУУД СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хошигнож хэлэхэд Монголын үзэгчид реклам гаргадаггүй, хүссэнээрээ ухраадаг, жил дамжин “Авъяаслаг Монголчууд” гардаг, үнэгүй телевизүүдийг хүсдэг.

Мэдээж энэ боломжгүй.

Гэхдээ өнөөдрийнх шиг оюуны өмчийг байнга зөрчдөг, зах зээлийн хэмжээнээсээ хэтэрсэн олон тоотой, чанаргүй, рекламны дундуур контент гаргадаг телевизүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий.

ТОО БАРИМТ: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 85, Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16 байна. Эх сурвалж: ХХМТГ

Энэ асуудлыг шийдвэрлэж, гарц эрэлхийлэх зорилгоор “Тооноос чанарт” уриатай Монголын телевизүүдийн чуулганыг өнгөрсөн Баасан гарагт амжилттай зохион байгууллаа. Чуулганы үеэр яригдсан хамгийн “халуухан” сэдэв нь УИХ-д өргөн баригдаад буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийн талаар МТЧ-ны хаалт болгож жил бүр зохион байгуулагддаг “Нүүдэл Шийдэл” хэлэлцүүлэг боллоо.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга С.Адъяасүрэн өмнө нь хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Хуулийн үндсэн суурь зарчим нь өргөн нэврүүлгийн салбар гэж юу болох, хэрхэн тодорхойлогдох, мөн давтамжаас хамааралтай, хамааралгүй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон төрөлжсөн мэдээлэл дамжуулах түгээх, арилжааны мэдээлэл дамжуулах үйлчилгээнүүд байсныг эрх зүйн хувьд нэг ойлголттой болгох” хэмээн тайлбарласан юм.

Гэсэн ч хэлэлцүүлгийн үеэр талууд хуулийн төсөлд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж байсан юм.

"30 сая ам.долларын рекламны зах зээл дээр энэ хуулийг биелүүлэх бололцоогүй"
 

Тухайлбал өргөн баригдсан хууль өнөөгийн зах зээлд хэрэгжих боломжгүй тухай “Максима Медиа” компанийн Судалгааны албаны дарга Я.Хишигсүрэн “Хуулийн төслийг өөрийнхөө эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд харж байна. Бидний тооцоолсон 30 сая ам.долларын рекламны зах зээл дээр энэ хуулийг биелүүлэх бололцоогүй.

Төвлөрлийн эсрэг заалтууд байгаа. Төвлөрөл байхгүй бол зах зээлийг доминант эзэлсэн тохиолдолд л оршин тогтноно.

Анхнаасаа зохицуулалтгүй байсан орон зайд ийм нөхцөл байдал үүссэн учраас энэ хууль өөрчилж чадах уу гэдэг хариулт хэрэгтэй байна” гэв.

Нөгөө тал буюу олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид хуулийн төсөлд өөрийн санаагаа тусгаж чадаагүй гэсэн гомдлыг тавьж байсан юм. Энэ талаас “MNBC” сувгийн менежер Ж.Золбат “Хуулийн төсөл агуулгынхаа хүрээнд зөв өргөн баригдсан уу? Бид хуулийн төслийг өргөн баригдсаны дараа хуулийн талаар мэдээлэл олж авсан. Хууль гарахаасаа өмнө талуудын эрх ашгийг хөндөх ёстой. Хууль өөрөөө зөв байж хууль зөв хэрэгжинэ.

Өрөөсгөл талдаа хууль өргөн баригдсан байсан учраас олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид нийлж асуудалтай заалтуудын талаар саналаа хүргүүлсэн. Хуулийн төсөл эрх тэгш байж чадаагүй шүү” гэв.

Телевизүүдийн санхүүгийн асуудал хүндэрч, цаашид оршин тогтнох боломжгүй болсон тухай форумын үеэр голлон ярьсан.

Энэ бүхний шалтгаан нь контент бүтээгчид бүтээлээ үнэлүүлж чаддаггүй зөвхөн рекламаар санхүүждэг бөгөөд дундын дамжуулагчид эцсийн хэрэглэгчээс авсан мөнгөө телевизүүдэд хуваарилахгүй байгаа асуудал юм.

Энэ талаар “ETV” телевизийн захирал Т.Ганзул “Бид буудай тарьчихаад гурилын үйлдвэрт аваачиж өгдөг. Гурилын үйлдвэр буудайгаа тээрэмдэж гурил хийж зараад байгаа хэрнээ бидэнд буудайныхаа төлбөрийг төлөхгүй, худалдаж авахгүй байна гэсэн үг. Тариачид нь телевизүүд, гурилын үйлдвэр нь олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид юм.

Бид контент үйлдвэрлэдэг хэрнээ ганцхан рекламаар санхүүждэг. Тиймээс энэ хуулийг зөвөөр өргөн барих шаардлагатай байгаа” гэсэн юм.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төсөлд “Монгол контентыг дэмжих сан” байгуулахаар тусгажээ. Телевизүүдийн бүтээсэн контентоос олсон мөнгийг энэ санд төвлөрүүлж Ерөнхий сайд хуваарилахаар заасан нь “игзаар хүргэм” зохицуулалт болсон тухай талууд хэлж байв.

"Эцсийн хэрэглэгчээс төвлөрсөн мөнгө эцсийн хэрэглэгчийн үзсэн контентод очих ёстой"
 

Тухайлбал  “Монгол Масс Медиа” компанийн Гүйцэтгэх захирал А.Амундра “Хууль хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд ч гэсэн ХХЗХ-ны хязгаарлалтуудыг мөрдсөөр ирсэн. Миний хувьд хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаа хэд хэдэн заалт байна.

Нэгдүгээрт  төвлөрлийг сааруулах буюу нэг компани нэг лиценз эзэмших асуудал. Бид өнгөрсөн хугацаанд хуулийн дагуу явсаар байгаад энэ хүрчихсэн. Удахгүй хуулийн дагуу биш болох гээд байна.

Хоёрдугаарт оператор компаниуд телевизүүдийн хооронд маргаан байдаг. Үүнийг арилжааны зарчмаар зохицуулах ёстой. Түүнээс биш Засгийн газар тусгай сан үүсгээд тусгай санд төвлөрсөн мөнгийг Ерөнхий сайд хуваарилахаар байгаа. Үндсэндээ Ерөнхий сайд 20 тэрбум төгрөгний төсөвтэй болж байгаа юм уу даа. Энэ санд төвлөрсөн мөнгөөр Монгол контентыг дэмжинэ гэсэн. Эцсийн хэрэглэгчээс төвлөрсөн мөнгө эцсийн хэрэглэгчийн үзсэн контентод очих ёстой болохоос биш хэн нэгэн улс төрчийн шийдвэрээр хуваарилагдах ёсгүй” гэв.

Хэдийгээр хуулийн төсөл өргөн баригдсан ч талуудын санал бодлыг нэмж, өөрчилж, шинэ санаа тусгаж болохыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэг хэлэлцүүлгийн үеэр сануулсан юм.


Телевизүүдийн эрүүл хөгжил Монгол хүн бүрт хамаатай. Таны хүүхэд юу үзэх, юунаас суралцах, ямар хүн болох нь Монголын телевизүүдийн бэлтгэж буй контентоос шалтгаалах нь бий. Зах зээлийн бус зарчмаар хөгжсөн Монголын олон телевизүүдийг цэгцэлж, чадвартай, чанартай, мэргэжлийн тоглогчдыг шалгарч үлдэх боломжоор хангах ёстой хуулийн төсөл одоогоор үүргээ биелүүлэх боломжгүй байгаа тухай ийнхүү дүгнэлээ.

Үзэгчид дуртай контентдоо мөнгөө төлж, сайн контент үйлдвэрлэгчид дараагийн сайныгаа хийх санхүүгийн боломжтой байх ёстой. Гэтэл энэ асуудалд Засгийн газар оролцох нь хэр зохистой вэ?

Хэрэв төрөөс мөнгө хуваарилаад эхэлбэл хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нөлөөлөх ч боломжтой юм.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөлд одоогоор оролцогч талуудын хэн нь ч СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг өөрчилж, хамгийн зөв, хамгийн шударга хууль болгох алхмууд хийгдэх шаардлагатай байна.

 

Гэрэл зургийг MPA.mn