Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн ерөнхийлөгч мафийн гарт амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла тус улсын өмнөд нутагт орших Локри хотод зочлон мафийн гарт амиа алдсан нийт хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

Эртнээс Ндрангета мафийн бүлгийн төв байсан Калабрийн Локри хотод амиа алдагсдын нэрсийг нэг нэгээр нь дуудаж дурссан байна. Эдгээр хохирогсдын дотор мафийн тулаанд санамсаргүй өртөж амиа алдсан хүмүүс ч байгаа юм.

Ерөнхийлөгчийн төрсөн ах Пиерсанти Маттарелла 1980 онд Сицилийн захирагчаар ажиллаж байхдаа Палермод алагдаж байжээ.

Италид жил бүр мафийн гарт амь үрэгдэгсдийг дурсах өдөр болдог ба энэ долоо хоногийн сүүлээр тохиож байна. Маттарелла “мафи хүчирхэг хэвээр байгаа”-г дурдаад тэд Италийн эдийн засгийн салбаруудыг хянаж, заримд нь нэвтрэхээр оролдож байгааг сануулжээ.

Ндрангета, Каморра зэрэг мафийн бүлэглэлүүд Италийн өмнө зүгийн хөгжил дорой бүс нутгуудад төвлөрдөг ч хойд Италийн аж үйлдвэржсэн хэсэгт бас хүрэх болжээ. Тэд Ромын алдартай ресторан, кафенуудад хууль бус мөнгөө угааж байна. Мөн хойд нутгийн аж үйлдвэрүүд хорт хаягдалаа зайлуулахад Каморра мафийн бүлэгтэй хамтрах болсон нь мөнгөнд хэмнэлттэй, төрийнхний хүнд суртлаас зайлсхийх давуу талтайгаас болж байгаа юм.

Гэхдээ мафитай хийх тэмцэлд ахиц дэвшил гарч байгаа. Сицилийн залуу үеийнхэн бизнес эрхлэхдээ Коза Нострад “хамгаалалтын мөнгө” төлөхөө болихыг уриалж эхэлсэн байна.

Энэ үеэр Локри хотын сүмийн хамба Франческо Оливиа төрөлх Калабриа нутгаа мафитай холбоотой өнгөрсөн цаг үеэсээ салгахыг иргэдэд уриалжээ.

 

Эх сурвалж: Japan Times