Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ГССҮТ нь зөвхөн ЭМЯ-аас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч, хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр эмнэлэгтээ ийнхүү өнгө нэмсэнд нь ГССҮТ-ийн хамт олонд баяр хүргэлээ.
Энэ үеэр тус төвийн жолооч И.Сүхбатыг олон жил улсад үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан бөгөөд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 2 хүн, ЭМЯ-ны жуух бичгээр 4 хүнийг шагналаа.
ГССҮТ нь 2017– 2020 онд хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлон иргэддээ ээлтэй орчны шинэчлэлийг амжилттай өөрчлөн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй орчныг бүрдүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлж, хариуцлага ёс зүйг эрхэмлэн ажиллаж байгаагаа тус төвийн дарга Т.Мөнхсайхан хэллээ.
Эх сурвалж: ЭМЯ