Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань улс анх удаагаа Хятадад пуужингийн цохилт өгөх чадвартайгаа баталлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн жил тутамд парламентад танилцуулдаг тайлангийн үеэр Тайваний батлан хамгаалахын сайд Фэн Ши Куан өөрийн улсыг эх газрын Хятадад пуужингийн цохилт өгөх чадвартайг Пүрэв гарагт хүлээн зөвшөөрлөө.

Парламентийн гишүүдээс ирсэн ийм асуултад сайд эргэлзээгүйгээр “Тийм” гэж хариулсан байна.

AFP агентлагт ярихдаа парламентийн гишүүн Ван Тин Ю “батлан хамгаалах яам анх удаагаа үүнийг баталлаа” гээд Тайваний пуужин 1,500 км зайнд тусах чадвартай болсон гэжээ.

Үүнээс өмнө Тайвань пуужин зохион бүтээж байгаагаа хүлээн зөвшөөрдөг байсан ч хүчин чадлынх нь талаар огт мэдээлж байгаагүй юм.

Энэ сарын эхээр Бээжин 2017 онд батлан хамгаалах төсвөө 7 хувь нэмэгдүүлж $151 тэрбумд хүргэж байгаагаа зарласан нь Тайваний засгийн газрыг хариу тодорхой мэдээлэл ил гаргахад хүргэсэн бололтой. Тайлангийн үеэр Фэн сайд мөн эх газраас эзлэн түрэмгийлэх магадлал нэмэгдэж байгааг анхааруулаад Тайванийг чиглүүлсэн 1,500 пуужин Хятадад байрлаж буйг мэдээлжээ.

Тайваньчууд бас зэр зэвсгийн зардлаа өсгөхөөр болсон байна. Тухайлбал энэ жил тэдний батлан хамгаалах төсөв ДНБ-ийнхээ 2 хувь буюу $11.4 тэрбум байгаа бол ирэх жил 3 хувь болгож өсгөхөөр болжээ.

Сайд мөн сөнөөгч онгоцнууд шинээр худалдаж авахаар болсныг парламентад дуулгасан байна. Фэн Ши Куан “Хэрвээ дайсан манай улсыг эзлэн түрэмгийлэхээр санаархвал бид тэднийг өөрийнхөө нутагт бааздаа байхад нь түрүүлж цохилт өгч сулруулаад, тэнгист гарахад нь амдан байлдаж, манай эрэгт ойртоход нь дахин цохилт өгөөд, эрэг дээр гарахад нь бүр мөсөн устгах тактиктай” гэж ярьсан гэнэ.

Харьцуулбал Хятадын цэргийн бие бүрэлдэхүүн 2.3 сая бол Тайванийх 200 мянга байгаа юм. Тайваний ерөнхийлөгчөөр өнгөрсөн оны тавдугаар сард тусгаар тогтнолыг баримтлагч Цай Ин Вэн сонгогдсон. Тэр үеэс эхлэн Хятад-Тайваний харилцаа эрс муудсан юм. Өнгөрсөн зургаадугаар сард Цай ерөнхийлөгч нэг Хятад зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул Бээжин Тайпэйтай бүх харилцаагаа зогсоожээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа Хятадын коммунист нам 95 жилийн ойгоо тэмдэглэж байхад Тайваний тэнгисийн хүч санамсаргүй хөлөг онгоц эсэргүүцэх пуужинг эх газрын зүгт харваж байлаа.

 

Эх сурвалж: South China Morning Post