Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхтуяа: Хүн худалдаалах гэмт хэрэг 54, хүчээр бие үнэлүүлсэн хэрэг 114 гарсан байдаг

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
 

Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний, хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөл, хүний эрх, аюулгүй байдлын чиглэлээр түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хууль зүй дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах дотоод хэргийн дарга Э.Энхтуяа "Хууль зүй дотоод хэргийн яамнаас хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн төслөө төрийн бус байгууллагуудтай хэлэлцүүлж, тэдний саналыг авч байна. ТББ-ын саналыг үндэсний хөтөлбөрт тусгаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжих хоёр дахь том үндэсний хөтөлбөр болж байгаа. 

Түрүүчийн хөтөлбөрөөсөө юугаараа ялгаатай гэхээр шинэ төрлийн гарч байгаа хүн худалдаалах төрөл болох эд эрхтний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүдийг энэхүү гэмт хэргээс хамгаалахад урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хөтөлбөрийн төсөлд тусгаж байна. 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ангилалаар авч үзвэл сүүлийн 5 жилийн дунджаар хүн худалдаалах гэмт хэрэг 54 гарсан байдаг. Хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэмт хэрэг 114 гарсан байдаг. Гэхдээ энэ тоог бага гэж үзэж болохгүй. Нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг учраас бид урьдчилан сэргийлэх болон хамтын ажиллагаандаа анхаарал хандуулвал энэ тоо нэмэгдэж гарах байх гэсэн судалгаатай байна" гэлээ.

Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2021 хүртэл 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулагдах хөрөнгийн төсвийг хамтад нь боловсруулж байгаа аж. Мөн хөтөлбөрийг боловсруулахдаа урьдчилан сэргийлэх, хамгаалах, мөрдөн шалгах, хамтын ажиллагаа гэсэн 4 чиглэлийг удирдлага болгожээ.

Цаашид ТББ-ууд цагдаагийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох, хохирогчийг хамгаалах байраар үйлчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллаж төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зэрэг шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр ярьлаа.