Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Москва, Бээжин хоёр Америк долларыг дэлхийн валютын зах зээлээс шахахаар нэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Оросын төв банк анхны хилийн чанад дахь төлөөлөгчийн газраа өчигдөр Бээжинд нээлээ. Энэ бол дэлхийн валютын зах зээлээс Америк долларыг шахах Бээжин-Москвагийн хамтын ажиллагааны эхлэл гэж ажиглагчид дүгнэж байна.

Барууны улс орнуудын Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг, газрын тосны үнийн уналт зэргийн хариуд Орос, Хятад улсууд илүү ойртон түншлэхээр тохиролцсоны хүрээнд хийгдэж байгаа нэг ажил энэ юм.

Оросын Төв Банк Бээжинд төлөөлөгчийн газраа нээсэн нь бонд гаргах, мөнгө угаах явдалтай тэмцэх, терроризмийн эсрэг тэмцэх зэрэг онцгой хамтын ажиллагааг хөгжүүлэх цагаа олсон алхам гэж Оросын Төв Банкны дэд ерөнхийлөгч Дмитрий Скобелкин ярьжээ.

Оросын засгийн газар анхны Хятад юаний бондыг гаргахаар бэлдэж байгаа юм. Бээжин дэхь ОХУ-ын элчин сайдын яаманд болсон нээлтийн арга хэмжээнд Хятадын төв банкны төлөөлөгчид, санхүүгийн зохицуулалтын албаныхан оролцжээ.

Хоёр орны албаныхан өнгөрсөн оны тавдугаар сард харилцан өөр өөрийн валютаар бонд гаргах тохиролцоо хийсэн нь Америк долларын ноёрхлын эсрэг хийсэн эхний алхам байв.

Мөн Хятадын Үйлдвэр Худалдааны Банкыг өнгөрсөн оны есдүгээр сард Москва дахь юаний клирингийн банкаар томилсон нь юаний бонд гаргах суурь бэлтгэл болсон юм.

Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч И Ган хоёр орны санхүүгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарснаар улс хоорондын худалдааг нэмэгдүүлж байгааг онцолсон байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Хятадын ерөнхий сайд Ли Көчянь Хятад-Оросын худалдаанд газрын тосны үнийн уналт нөлөөлж байгаа хэдий ч цаашдаа хөгжих боломж их харагдаж байгааг хэлсэн юм.

Энэ үеэр Оросоос Хятад руу алт экспортлоход учирч байгаа техникийн асуудлуудыг хамтран шийдэх санамж бичигт гарын үсэг зурсан тухай Оросын төв банкны төлөөлөгч мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post