Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Саудын Араб улсууд $65 тэрбумын гэрээнд гарын үсэг зурлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ази тивээр сар орчим хугацаанд аялж байгаа Саудын Арабын хаан Салман өчигдөр буюу Пүрэв гарагт Бээжинд газардлаа.

Айлчлалын анхны өдрөө хоёр улсын эрх баригчид $65 тэрбумын дүнтэй гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зуржээ. Гэрээнүүд нь эрчим хүчнээс  эхлээд сансар судлал хүртэл өргөн салбарыг хамарсан байна.

Хятадын гадаад хэргийн дэд сайд Жан Минь “Ши Жиньпин дарга, Салман хаан хоёр хуучны найзууд. Хятад, Саудын Арабын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрээд байгаа. Цаашдаа ч асар их боломжтой” гэж ярьжээ.

Салман хааны айлчлалын зорилго нь газрын тосноос хэт хамааралтай тус улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байна. Мөн төрийн өмчит, газрын тосны Сауди Арамко компаний хувьчлалд оролцохыг Азийн улсуудад уриалж байгаа юм.

Азийн орнууд Саудын газрын тосны томоохон хэрэглэгч. Тэд бас Хятадтай хийх газрын тосны наймаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ажээ.

Өнгөрсөн жил Саудын Араб Хятад дахь газрын тос нийлүүлэгчийн тэргүүлэгч байр сууриа Оросуудад алдсан юм. Оросоос Хятадад нийлүүлсэн газрын тосны хэмжээ сүүлийн зургаан жилд хоёр дахин нэмэгдэж, өдөрт 550,000 баррел хүрээд байна.

Хятад улс Ойрх Дорнодын зөрчил тэмцэлд төвийг сахиж, харин газрын тосны баялгийг нь ашиглахад илүү анхаардаг юм. Америк, Европчуудын хийж чадахгүй байгаа Ойрх Дорнод дахь эвлэрүүлэгч, зуучлагчийн үүргийг Хятад улс гүйцэтгэх сонирхол өндөр болохыг дипломат эх сурвалжууд баталдаг.

 

Эх сурвалж: Russia Today