Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС, Германы засгийн газарт тэсэрдэг захидал илгээсэн хэргүүд гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
ОУВС-ын тэргүүн Кристин Лагард, Германы сангийн сайд Вольфганг Шойбле нар

Өчигдөр буюу Пүрэв гарагт ОУВС-ын Парис дахь байранд ирсэн захидлыг задлах үед бөмбөг дэлбэрч, тус сангийн ажилтны нүүр, гар түлэгдсэн хэрэг гарлаа.

Энэ явдлын урд өдөр Германы сангийн сайд Вольфганг Шойблегийн нэрээр Берлинд ирсэн шууданд мөн бөмбөг байсан нь илэрсэн юм. Сайдад ирсэн шууданг тус яамны ажилтнууд урьдчилан мэдэж, аюулгүй болгож чадсан байна. Хэрвээ энэ бөмбөг дэлбэрсэн бол нээсэн хүнээ хүнд шархдуулахаар байсныг цагдаагийн газар мэдэгджээ. Грекийн Афин хотын шуудангаар дамжиж ирсэн захидлын илгээгчийн нэр нь тус улсын Шинэ Ардчилсан Намын дэд ерөнхийлөгч Адонис Георгиадис байсан гэнэ.

Гэхдээ “Conspiracy of Fire Cells” нэртэй Грекийн зэвсэгт бүлэглэл Германы сангийн сайдад захидал илгээснээ өчигдөр хүлээжээ.

Тус бүлэглэл 2010 онд Афин дахь гадаадын элчин сайдууд руу хэд хэдэн бөмбөгтэй захидал илгээж байсан юм. Харин сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжих болсон байна.

ОУВС-ын бөмбөгний эзэн ил гараагүй байгаа ч Грекийн хямралын асуудлыг гол хэлэлцэж байгаа талууд руу илгээсэн нь “Conspiracy of Fire Cells” бүлэглэлийг сэжиглэхэд хүргэж байгаа юм.

Грекийн өрийн асуудал дахин яригдаж эхэлсэн ба ОУВС, Европын Холбоо хэрхэн Афиний засгийн газартай ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. 2060 онд Грекийн өр ДНБ-ийнхээ 275 хувьтай тэнцэхээр байгаа тул ОУВС Афинийг өрийн бүтцээ шинэчлэхгүй бол ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Евро бүсийн сангийн сайд нар энэ сарын 20-нд Грекийн талаар авах арга хэмжээг хэлэлцэхээр цуглах юм.

 

Эх сурвалж: Quartz