Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд Токио хотод хаяж гээсэн мөнгөний хэмжээ $32 саяд хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Жил бүр хүмүүсийн хаяж гээсэн эд зүйлстэй хамт олон сая ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө Токиогийн цагдаагийн газарт ирдэг гэнэ.

Тухайлбал өнгөрсөн онд нийт 3.67 тэрбум иень буюу $32 сая орчимтой тэнцэх бэлэн мөнгийг олсноо иргэд цагдаад хүлээлгэн өгснөөс дөрөвний гурав орчим хувь нь эзнээ олжээ.

Япон хүмүүсийн үнэнч зан ингэхэд нөлөөлдөг аж.

2015 онд Япон даяар 103 их наяд иений бэлэн мөнгө эргэлдэж байсан нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувьтай тэнцэж байгааг Японы төв банкны мэдээлэлд дурдаж байв. Бусад өндөр хөгжилтэй 18 орны үзүүлэлттэй харьцуулбал Японд хамгийн их бэлэн мөнгө хүмүүсийн гар дээр байдаг гэсэн үг.

Бэлэн мөнгө хэрэглэх нь аюулгүй, гэмт хэргийн түвшин бага тул ийм байгааг судлаачид тайлбарлаж байна. Дэлхийн хамгийн их хүн амын нягтралтай гэгддэг Токио хотод хүмүүс кафенд суудал аваад захиалга өгөхөөр явахдаа ширээн дээрээ гар утсаа орхиж “хүнтэй” гэдгээ мэдэгддэг. Хүмүүсийн орхисон эд зүйлсийг үйлчилгээний байгууллагууд хэдэн өдрийн дараа эргэж ирсэн ч хадгалж байх нь хэвийн үзэгдэл.

Үүнийг зарим нь Япон соёл, ёс зүйн боловсролтой холбон тайлбарладаг.

“Японы сургуулиудад ёс зүй, ухамсрын хичээл их заадаг тул хүүхдүүд багаасаа юмаа алдсан хүн ямар зүйл мэдэрдэгийг ойлгодог болдог” гэж Кансай Олон Улсын Харилцааны Их сургуулийн профессор Тошинари Нишиока тайлбарлаж байна.

“10 иений зоос олсноо цагдаад авчирч өгч байгаа хүүхдийг Японд олныг харж болно” гэж тэр ярьжээ.

Үүнээс гадна Японы хаяж гээсэн эд зүйлсийн тухай хуулинд бэлэн мөнгө олоод цагдаад хүргэж өгсөн хүн шагнал авах нөхцөлтэй байдаг нь нөлөөлдөг гэнэ. Цагдаад тушаасан мөнгөний эзэн олдвол дүнгийнх нь 5-20 хувийг авчирсан хүнд нь шагнал болгон өгдөг бол гурван сарын дотор эзэн нь ирээгүй мөнгийг бүтэн шагналд өгдөг ажээ.

 

Эх сурвалж: Japan Times