Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын визний хоригийн хоёр дахь зарлигт шүүх хориг тавилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тушаалаа танилцуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын муслим хүн ам голлон суудаг зургаан улсын иргэдэд тавьсан визний хоригт шүүхээс хориг тавилаа.

Хавай мужийн тойргийн шүүгч Дэррик Ватсон ерөнхийлөгчийн шинэ зарлигийг хэрэгжиж эхлэхээс хэдхэн цагийн өмнө ийм шийдвэр гаргажээ. Трампын зарлиг гуравдугаар сарын 16-ны өдрөөс (15-наас 16-нд шилжих шөнийн 00:00 цагаас) хэрэгжиж эхлэх байсан юм.

Ингэснээр ерөнхийлөгчийн зарлиг Америк даяар хэрэгжих боломжгүй болж байна. Шүүхийн шийдвэр гарах үед Нэшвиллд олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан Трамп ихэд бухимдаж, энэхүү алхмыг “шүүхийнхний урьд өмнө байгаагүй даварсан үйлдэл” гээд Дээд шүүх хүртэл заргалдахаа мэдэгджээ.

Трамп визний хоригийн эхний зарлигаа гаргасны дараа олон улсын эсэргүүцэлтэй тулгарч, АНУ-ын хэд хэдэн мужуудын шүүх дээр үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар унаж байв. Харин хоёр дахь удаагаа гаргасан хориг нь энэ бүх эрсдлийг тооцсон, хэрэгжих боломжтой гэгдэж байсан юм.

Хоёр дахь зарлигтаа Трамп ногоон карт эзэмшигчдийг хоригоос чөлөөлж, шашны холбогдолтой нэр томьёоноос зайлсхийсэн зэрэг нь өмнөх алдаанаасаа суралцсан хэрэг байлаа. Гэвч Хавайн шүүх ерөнхийлөгчийн хоригийг хэдийгээр “ислам” гэж нэр дурдаагүй ч шашнаар нь хүмүүсийг ялгаварласан шинжтэй, тус арлын аялал жуулчлалын салбарт хохирол учруулахаар байгаа тул хориглосон байна.

Ардчилсан Намын засаглал нөлөө ихтэй Хавай мужийн шүүх ийнхүү Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгч Трампын хоёр дахь хүслийг нурааж байна.

 

Эх сурвалж: Independent