Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эх оронч үзлээ харуулж Лотте дэлгүүрийг хорлосон эмэгтэйг Хятадын цагдаа баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын пуужингаас хамгаалах THAAD системийг Өмнөд Солонгосын засгийн газар өөрийн газар нутаг дээр байрлуулахаар болсон нь Хятад-Өмнөд Солонгосын харилцааг муутгаад байгаа.

Хятад улс үүнийг өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд хортой гэж үзэн хүчтэй эсэргүүцсээр байгаа юм. Зөвхөн засгийн газар бус, энгийн хятад хүмүүс ч Өмнөд Солонгосын эсрэг янз бүрээр тэмцэж эхэлсэн байна.

Тухайлбал THAAD системийг өөрийн эзэмшлийн газарт суурилуулахыг засгийн газартаа зөвшөөрсөн Лотте группын бизнесийн эсрэг бойкот Хятад даяар өрнөжээ.

Үүний нэг жишээ нь нэгэн хятад эмэгтэй Лоттегийн их дэлгүүрүүдийн барааг хорлон сүйтгэж байгаа 100 гаруй дүрс бичлэгийг интернэт ертөнцөд тарааж “эх оронч” үзлээ илэрхийлсэн юм.

Тэр тавиур дээр байгаа бараануудыг няцлах, эвдлэх, заримыг нь задалж идэх, ус ундааг уугаад буцааж тавих зэргээр авирлаж байсан нь Хятадын олон нийтийн дургүйг хүргэж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт энэ эмэгтэйг Хятадын цагдаа илрүүлж баривчилсан тухай төрийн төв хэвлэлд нь мэдээлжээ. Цагдаагийн газрын мэдэгдэлд хорлон сүйтгэгч эмэгтэйг буруутгаад “Эх орондоо хайртайгаа ухаалаг хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй” гэж олон нийтэд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Korea Times