Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэчимэг: Уул уурхайн салбарт иргэдийн оролцоо хязгаарлагдмал байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нээлттэй нийгэм форум Уул уурхайн тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын дунд олон улсын байгууллагын тусламжтайгаар хэлэлцүүлж байгаа. Уг хэлэлцүүлгийн талаар болон уул уурхайн салбарт иргэдийн оролцоо хэрхэн хангагдаж байгаа талаар Нээлттэй нийгэм форумын менежер Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Зохион байгуулж байгаа цуврал хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ойрын хугацаанд уул уурхайн салбарын бодлогод маш том өөрчлөлт орно гэж харж байгаа. Яагаад гэвэл эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд энэ салбарт зөвхөн олборлолтоос гадна, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн ажиллагаа, уул уурхай дагасан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг Засгийн газар барьж байгаа. Энэ ажлын хүрээнд Уул уурхайн тухай хуулийг боловсруулаад байна. Үзэл баримтлалыг нь батлаад байгаа. Иргэдээс болон олон нийтийн байгууллагаас санал авч байгаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр иргэний нийгмийн байгууллагуудын байнга санаа зовж байдаг хариуцлага, засаглалын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг авч байна. Манай байгууллага энэ хэлэлцүүлгийг цуврал хэлбэрээр явуулж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол тусгай зөвшөөрөл авах үйл явц болон уул уурхайн салбарт иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар хэлэлцэж байна.

-Цуврал хэлэлцүүлгийн явцад уул уурхайн салбар дахь иргэдийн оролцоо ямар хэмжээнд байгаа гэж харагдсан бэ?

-Тусгай зөвшөөрөл олгох тухайд бол одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байна. Энэ асуудлыг Уул уурхайн хуульд тусгаж өгөөгүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалт хэвээр үйлчилнэ. Өнөөгийн эрх зүйн орчныг харахад хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход аймгийн Засаг даргаас санал авдаг. Аймгийн Засаг дарга бол уг нь аймгийн болон сумын иргэдийн хурлаас санал авсны үндсэн дээр өөрийн шийдвэрийг гаргадаг учиртай. Гэвч шийдвэр гаргах процесс хуулиар нарийн зохицуулагдаагүй учир хэрэгждэггүй.

Нөгөө талаар орон нутгийн зүгээс татгалзах шийдвэр гаргасан ч энэ нь хуулийн үндэслэлгүй гээд харгалзаж үздэггүй тохиолдол ч байна. Бодитой хуулийн үндэслэл гаргая гэхээр хуулийн зохицуулалт алга. Иргэдийн оролцоо бол энэ түвшинд хязгаарлагдмал байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд ч  тухайн орон нутгийн иргэдээс санал авах зохицуулалт алга. Тусгай зөвшөөрөл олгосны дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дамжуулан мэдээлнэ гэдэг зохицуулалттай боловч энэ нь хэрэгждэггүй.

Шинээр боловсруулагдсан Захиргааны ерөнхий хуулиар төрийн захиргааны гаргаж байгаа шийдвэрийн улмаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа талуудын оролцоог хангаж, бүр сонсох ажиллагаа явуулна гэж заасан байгаа. Харин энэ зохицуулалт ашигт малтмалын салбарт чухам яаж хэрэгжих нь асуултын тэмдэг хэвээр байна.

-Иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаар олон улсын туршлага ямар байдаг вэ?

-Байгаль орчин, уул уурхайн салбарт маш том жишиг тогтоосон Аархусын конвенци буюу байгаль орчны асуудлаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах гэсэн конвенци бий. Хэдийгээр энэ бол Европын конвенци ч гэсэн европ тивийн бус улс орнууд сайн дураараа нэгдэж болдог конвенци юм.

Аархусын конвенцид “Иргэдийн оролцоо бол цогц ажиллагаа юм. Хамгийн түрүүнд мэдээлэл өгөх үйл ажиллагаа байх ёстой. Мэдээлэлтэй болсных нь дараа санал авах ажиллагаа байх ёстой. Авсан саналыг тусгах, тусгаагүй бол яагаад тусгаагүй талаар тайлбарлах эсвэл мэдээлэл өгөх оролцоог хангах ёстой” гэж заасан байдаг. Энэ байдлаар салбар хуульд тусгаад өгчихвөл иргэдийн оролцоо бодит хэлбэрээр хангагдана гэж бид харж байгаа.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хэлэлцүүлэгт хэр зэрэг оролцож байгаа вэ?

-Салбар яам бол анхаарал тавьж байгаа. Анх хуулийн төсөлд санал авах асуудлыг зарлахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгах үүднээс  хэлэлцүүлэг хийхээр болсон. Иргэний нийгмийн байгууллагын хэлэлцүүлгийг “Нээлттэй нийгэм форум” зохион байгуулж, гарсан саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг хүлээж авна гэсэн байгаа.

Зохион байгуулж байгаа цуврал хэлэлцүүлэгт хуулийн төсөл хариуцсан ажлын хэсгийнхэн ирж, хуулийн төслөө оролцогчдод танилцуулж байна. Салбар яам анхаарч, хамтын ажиллагаа байгаа учир хэлэлцүүлгийн үр дүнд найдвар тавьж байгаа.