Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Нарангэрэл: Агаар бохирдуулбал 700,000-1.2 сая төгрөгөөр торгоно

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Энэ талаар Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлээс тодрууллаа.

-Агаар бохирдуулж байгаа зөрчил дутагдалд ямар арга хэмжээ авсан бэ?

-Хотын зургаан дүүрэгт агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, тосол зардаг ТҮЦ, үйлдвэр гэх мэтчилэн үйлчилгээ эрхэлж буй 1,962 аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийлээ. 1,524 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн. Илэрсэн зөрчлийн улмаас 5.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 78 объектод цахилгаан халаагуур тавиулж, зургаан объектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа.

-Тухайлбал, дугуй, хуванцар түлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Дугуй, хуванцар зэрэг төрөл бүрийн хог хаягдал шатааснаас болж диоксин, фуран хий байдлаар ялгарч агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг. Шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол Агаарын тухай хуульд заасны дагуу иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, аж ахуй нэгж байгууллагыг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, газар эзэмших эрхийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авна.

Хүн амын оршин суугаа орчны агаар бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг бол хууль бусаар олсон орлогыг хурааж, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

-Агаар бохирдуулж буй үйлдлийг хэрхэн илрүүлэх вэ?

-Диоксин, фуран нь хий байдлаар ялгарснаар агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед 8 жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай. Иймээс иргэн бүр утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 77775000 гэсэн шуурхай утсанд ирүүлэх хэрэгтэй.

Зураг