Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Дээд шүүх бүртгэж авахгүй байлаа гээд хоёр заалт л өөрчлөгдөнө

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Өнөөдөр Улсын дээд шүүх Ардчилсан Намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгээгүйтэй холбогдуулж, тус намын дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ “Дээд шүүх бүртгэж авахгүй байлаа гээд хоёр заалт л өөрчлөгдөнө” гэж мэдэгдлээ.

“Ардчилсан Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зургаан хоногийн турш 21 аймаг, 9 дүүрэгт салбар хорооны хуралдаанаар, зүйл нэг бүрээр хэлэлцсэн.

Хариуцлагатайгаар мэдэгдэхэд Улсын Дээд Шүүх дээр намын дүрмийн шинэчилсэн өөрчлөлтийг бүртгэхгүй байлаа гэхэд хоёр л зүйл өөрчлөгдөнө.

Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хороо гэх нэршил хуучнаараа Үндэсний зөвлөлдөх хороо болно.

Хоёрдугаарт, намын дарга болон бүх шатны дарга нарыг нийт гишүүдийн саналаар биш ҮЗХ-ний саналаар сонгодог болно.

Хэрвээ бүр батлахгүй дээрээ тулбал нийт гишүүдээрээ сонгоод, салбар хуралдаанаар баталгаажуулдаг л болно” гэж Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ ярьсан юм. 

Ардчилсан Намын хуулийн бодлогын хорооноос Улстөрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх аливаа намын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй, зөвхөн тухайн шийдвэрийг л хянан хэлэлцэх ёстой байтал хуульд заагдсан эрх хэмжээгээ зөрчиж, дотоод үйл ажиллагаанд оролцож байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна намын дотоод сонгууль хуучин дүрэмд заасны дагуу хэвийн үргэлжилж байгаа цаашид ч үргэлжлэх болно гэж мэдэгдсэн юм.

Харин Ардчилсан Намын нэр бүхий гишүүд дэнчингийн хэмжээ нь намын дүрэм зөрчиж байгаа гэж мэдэгдээд байсан бол Ардчилсан Намын дарга дараах хариултыг өглөө.

Дэнчингийн хэмжээ бол хуучин дүрэмд тусгагдсан асуудал

“Үндэсний бодлогын хорооны гишүүний 3 сая төгрөг, Нийслэлийн Ардчилсан Намын даргын сонгуульд өрсөлдөх 90 сая төгрөг, дүүргийн намын даргын 20 сая төгрөг, аймгийн намын даргын 15 сая төгрөг бол хуучин дүрэмд тусгагдсан асуудал.

Хуучин дүрэмд дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо батална гэж заасан байдаг. Үйл явдал яг ингэж өрнөж байгаа” гэж Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.

Дээд шүүх Ардчилсан Намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй байлаа гээд дотоод сонгуулийн тов хойшлохгүй бөгөөд бүх шатны дарга нарыг намын даргын сонгууль шиг сунгаагаар өрсөлдүүлж сонгоно гэдгийг Ардчилсан Намын дарга мэдэгдээд байна.

Танд сануулахад Ардчилсан Намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.