Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикт том хэмжээний булшнаас 250 гаруй гавлын яс илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мексикийн Веракруз хотын ойролцоо үлэмж хэмжээний нууц булш илрүүлснээс 250 гаруй гавлын яс олдсон байна.

Орон нутгийн прокурор Хорхе Уинклерийн үзэж байгаагаар энэ бол сүүлийн жилүүдэд хар тамхины дайнд хэлмэгдсэн хүмүүсийн биеийн үлдэгдэл ажээ. Уинклер “Олон жилийн турш хар тамхины бүлэглэлүүд хүмүүсийг хулгайлж, эрх баригчид юу ч хийдэггүй байсны үр дүн” гэж хэлэхдээ тус мужийн захирагч асан Хавиер Дуарте болон түүний залгамжлагчдыг буруутгасан байна.

Гавлын яснуудыг хэзээ, хэн илрүүлсэн талаар тэр хэлэлгүй нууцалжээ. Сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайхыг хүний эрхийн байгууллагууд Мексикийн эрх баригчдаас шаардсаар ирсэн юм.

2016 оны дундаас хойш хүмүүс энэ бүс нутагт эрэл хайгуул хийж эхэлсэн нь эндээс ялзарсан үнэр ихээр ялгарах болсонтой холбоотой. Одоогоор булшны гуравны нэгийг л ухаж гаргаад байгаа юм. Тиймээс цаашдаа хэчнээн хүний яс гарах нь тодорхойгүй байна.

Уинклер “Хэчнээн хүнийг энд булшилсныг би төсөөлж чадахгүй байна” гэжээ. Одоо Мексикт сураггүй алга болсон хүний тоо албан ёсоор 2,400 хүрээд байгаа.

Веракрузийн энэ нууц булш Мексикт, цаашлаад дэлхийд хамгийн том бөөнөөр хүмүүсийг булшилсан газар болж магадгүй гэж Уинклер үзэж байна.

Энэ бүс нутагт Зетас нэртэй хар тамхины бүлэглэл удаан хугацаанд ноёлж байгаа. Гэвч 2011 онд Халиско Шинэ Үеийнхэн гэгддэг бүлэглэл гарч ирснээр цуст дайн эхэлсэн юм байна.

Үүнээс өмнө ч Мексикт хар тамхины дайнд хэлмэгдсэн хүмүүсийн нууц булш илэрч байсан. Хойд хэсгийн Дуранго мужид 2011 онд 300 гаруй хүний булш илэрч байв.

Мөн тэр жил АНУ-ын хилийн ойролцоо Сан Фернандо хотын дэргэдээс 250 гаруй хүний үлдэгдэл илэрсэн юм. Мексикийн хар тамхины бүлэглэлүүд заримдаа хүмүүсийн цогцосыг нуухын тулд идэмхий химийн бодисоор уусгаж задалдаг гэдэг. Харин Веракрузийн олдвор харьцангүй бүхлээрээ олдсон байна.

 

Эх сурвалж: The Guardian