Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Киев дэхь Оросын банкны ажиллагааг тасалдуулсан явдлыг Москва эсэргүүцлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Украин дахь Оросын Сбербанкийн салбаруудыг ямар нэг улстөржилтгүйгээр хамгаалахыг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Киевийн эрх баригчдаас өчигдөр хүссэн байна.

Даваа гарагт тус банкны Киев дэх салбар ажиллаагүй юм. Шалтгаан нь Украины үндсэрхэг үзэлтнүүд банкны салбарын үүд хаалга, цонх зэргийг барилгын материалаар таглаж орхисон ажээ.

Киевийн Владимирская гудамжинд байрлах энэ салбар руу Азовын сайн дурын батальон, Баруун Жигүүр радикал бүлгийнхэн халдаж ийм арга хэмжээ авсныг ТАСС агентлаг мэдээлсэн юм.

Танхайрагчид хэрвээ Сбербанкийг Украинаас гарахгүй бол бүх салбарыг нь ээлж дараалан ингэж битүүмжилнэ гэдгээ зарлажээ. Үүнээс өмнө Киевийн эрх баригчид Сбербанкийг зүүн Украины салан тусгаарлахын төлөө тэмцэж байгаа Донецк, Луганскийн паспорт эзэмшигч иргэдэд үйлчилж байна гэж буруутгасан юм.

Гэвч банкны зүгээс энэ шүүмжлэлийг няцааж байжээ. Энэ асуудлаар Украины ерөнхийлөгч Петро Порошенко өнөөдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдтэй уулзаж хэлэлцэх юм байна.

Сбербанкны Украин дахь салбарыг 16 жилийн өмнө Оросын Сбербанк дангаараа байгуулж байжээ. Өнгөрсөн оны байдлаар Сбербанк нь Украинд ажиллаж байгаа 108 банк дотор хөрөнгөөрөө долдугаарт жагссан байна.

 

Эх сурвалж: Russia Today