Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд суралцсаар, хэзээ ажлаа хийх вэ

Ж.Отгонмягмар
2017 оны 3 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга М.Энхболд саяхан 21 аймгийн удирдлагатай уулзахдаа зардлаа олж чаддаггүй гадаад томилолтыг бүрэн цуцал гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Улмаар хэн гэдэг Засаг дарга хаашаа явсан талаар нэг нэгэнгүй уншиж танилцуулсан. Тэгвэл энэхүү хэмнэлтийн асуудал парламентын гишүүдэд хамаардаггүй бололтой юм. Учир нь УИХ-ын намрын чуулган хаах үед ээлжит бус зарлаж магадгүй гэдгийг тэнэг л биш бол бүх гишүүд мэдэж байсан. Тухайн үед Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрчихсэн эцсийн шийдлийг УИХ гаргах нь бараг тодорхой болчихсон байсан юм. 

Гэтэл одоо болтол төсвийн тодотголыг өргөн бариагүй, ээлжит бус чуулганыг зарлаагүй л байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц төдийлөн сайн биш байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал чухал учраас гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой” гэсэн мэдэгдэл хийсэн.

Тэгвэл улс орны амин чухал асуудал буюу эдийн засгаа эрүүлжүүлэх асуудал яригдаж байхад эрхэм гишүүд үндсэн ажлаа хийхгүй хаагуур явааг нэг сонирхсон юм. Гэтэл тэд төсвөөс зардал гаргаад айлчлал, туршлага судлах нэрийдлээр боловсон “зугаалга” хийгээд явчихсан бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар Унгар улсад туршлага судалж, суралцаж яваа гэнэ. Үүнээс харахад ихэнх нь өнөөх Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “бор халзан хонь” буюу парламентад анх удаа сонгогдсон гишүүд байгаа юм. Туршлага судалж ирээд л ажлыг умалзуулдаг юм уу гэхээс өнгөрсөн намрын чуулганыг шинэ гишүүд ёстой нөгөө “кнопчин” байсаар хийсээр байгаад дуусгасан.

Сайныг бус саарыг хамгийн сайн сурсан гэдгээ тэд батлаад авсан. Тухайлбал, хүний өмнөөс кноп дарж хууль батлах асуудал газар авсан. Уг нь МАН-ынхан бусад парламентыг бодвол 65 суудалтай хууль батлах асуудал дээр толгой өвдөх шаардлага байхгүй байлтай. Гэтэл шинэхэн гишүүд нь ажилдаа ирэхгүй. Өмнөөс нь кноп дарж хууль баталж байгаа нь нэг талдаа гутамшиг гэлтэй. Зарим шинэ гишүүд нь энэхүү үйлдлээ харин ч зөвтгөөд авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Амьдрал баялаг. Зарим тохиолдолд зэрэгцэж сууж байгаа гишүүд бие засахаар гарах, цай уух шаардлага гээд янз бүрийн тохиолдол бишгүй л гарна. Энэ үедээ “Хэлэлцэж буй асуудал дээр би дэмжиж байгаа байр суурьтай байгаа шүү. Хэрэв орж ирж амжихгүй бол миний өмнөөс кноп дарчихаарай” гэж хэлдэг. Кноп дарах хугацаа аравхан секундээр хэмжигддэг, асар богино хугацаа” гэсэн. Харин УИХ-ын гишүүн М.Билэгт “Нөгөө гишүүн нь захисан учраас л кноп дардаг. Түүнээс биш зөвшөөрөл олгоогүй байхад кнопыг нь дарах эрх бидэнд байхгуй” гэх зэргээр биеэ өмөөрөөд байгаа юм.

Зөвлөхөд сайныг нь сураад гийгүүлэхгүй юм бол мууг нь битгий дуурайж бай л даа. Тэгээд ч болоогүй ард түмнээсээ “Улс орны авдар хов хоосон байна. Та бүхэн минь туслаач” гэж хандив нэртэй гуйлга хийж байгаа. Тэгсэн хэр нь баяр бүрээр зад баярлаж, шинэхэн гишүүдээ айлчлал, туршлага судлалт гэх зэрэг боловсон шалтаг олоод гадаад, дотоодод бөөн бөөнөөр нь аялуулсаар байгаа нь нууц биш. Аялж, зугаалж, суралцаж дууссан бол одоо ажлаа хий “бор халзан хонь”-уудаа. Наана чинь улс орны асуудал хэцүүдлээ.

Зураг