Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын их гурвал баритон

Д.Бэрс, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед манай сонгодгийнхон амжилтуудаараа Монголоороо дэлхийг огшуулаад эхэлсэн. Ард түмэн ч тэднийгээ дэмжин бахархдаг болоод байгаа билээ. 50 жилийн түүхтэй Монголын сонгодог урлагт үе үеийн гайхамшгууд байсныг бид мартаагүй. Харин сүүлийн жилүүдэд Монголын  Баритон хоолойтнууд хүчтэй давамгайлж байгааг олон улсын урлаг судлаачид дүгнэж байна.

Тэдгээрийн амжилтууд яах аргагүй энэ дүгнэлтэд хүргэж буй, ялангуяа   Сонгодог урлагт дурлагч урлагийнхан дунд “Монголын гурван баритон”-ы тухай шуугиад эхэлжээ. Тодруулбал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Ч.Бадрал нар юм. 
Тэд Монгол Улсынхаа нэрийг Дуурийн эх орон болох ОХУ болон дэлхийн тайзнаа сурталчилж байгаа, олон улсын А зэрэглэлийн уралдаануудад тэргүүн дэд байруудад шалгарсан олон арван амжилтуудыг гаргасан нь яахын аргагүй олон улсын анхааралд байх болсон билээ.

Монголоороо овоглосон 3 Баритон маань бүгд нэг үеийн гялалзсан залуус, бүгд өөр, өөрийн онцгой өнгө тембртэй,  хүчтэй хоолойтнууд. Тэд бүгд Монголын маань тал нутгийн  хүүхдүүд гээд л бичээд байх зүйлс их байна. 

Алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн нэрэмжит сонгодог хөгжмийн олон улсын наадам ОХУ-ын Засгийн газар, Соёлын яамных нь ивээл дор Москва хотноо дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай. Нэр хүнд өндөр, цар хүрээ өргөнтэй энэ наадам “Сонгодог урлагийн олимп” гэгддэг аж. Чайковскийн нэрэмжит 2015 оны олон улсын 15 дугаар наадмын эрэгтэй /vocal, male/ дуучны төрөлд Г.Ариунбаатар түрүүлж, нэгдсэн гала концертын “Гран при” шагналыг давхар хүртжээ.

Наадмын “Гран при” шагналыг уралдааны өнгөрсөн хугацаанд ердөө гурван хүн хүртсэн, тэдний нэг нь манай дуурийн дуучин Г.Ариунбаатар бөгөөд бидний бахархлыг хүлээсэн юм. Тэрбээр 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлснийхээ дараа Монгол Улсын “Гавъяат жүжигчин” цолоор шагнагдсан байна. Өдгөө МУГЖ Г.Ариунбаатар нь  Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин мөн ОХУ-ын Санкт Петербург хотын Маринский  театрт урилгаар дуулж, Монголынхоо нэрийг дуурийн томоохон тайзнаа дуурсгаж, эд хаваа гайхуулж яваа залуу уран бүтээлч билээ. 

Их Британийн хэвлэлийн гигант ВВС агентлагаас “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын наадмыг 1983 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Мэргэжлийн дуурийн дуулаачдын дунд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, ялангуяа барууны орнуудад өндөр нэр хүндтэй, алдартай наадам юм. 2015 оны “Cardiff Singer of the World” олон улсын наадамд МУГЖ Э.Амартүвшин оролцон хүчтэй өрсөлдөж, “Audience Prize” үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилттай оролцож ирсэн түүний байгалийн өгөгдөл сайтай, өтгөн баритон хоолойтой дуучин хэмээн салбарынхан нь үнэлдэг юм билээ. 

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ гэх таатай мэдээ дуурийн урлагт дуртай үзэгчдийг баярлуулсан. Энэ үйл явдал 2011 онд болсныг үзэгчид санаж буй биз ээ. Түүний энэ амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан юм. 

Өдгөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол  дуучнаар ажиллахаас гадна ХБНГУ-ын Килл хотын театрт болон Европын театрт гэрээгээр ажиллаж  байгаа Монголоороо гайхуулж яваа мундаг Баритон. 

Их гурвалын нэг болох Ч.Бадралыг урлагийнхан “Чимээ намтай, чансаа өндөртэй тэргүүн дуучин” хэмээн тодорхойлсон нь ч бас бий. 

Дуурийн орон Их Оросын дурын дуучинд орон зай олгоод байдаггүй их урлагийн мастеруудын хүрээлэлд хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараар хүч түрэн орж, Монгол дуурийн дуучидтай, ид хавтай залуустай гэдгийг нотлон дуулсаар яваа гарамгай уран бүтээлч, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа хэмээн дуурийн урлагт хайртай үзэгчид нь өндрөөр үнэлдэг байна. Бүх Оросын Россия Телевизээр  Чингис Хаан дуурийн Тэмүүжингийн ариг дуулж  Монгол баритонуудын хүч чансааг харуулсан тэрбээр 2011 оноос эхлэн олон улсын олон уралдаанд амжилттай оролцон тэргүүлж яваа нэгэн.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор хүлээн зөвшөөрөгдсөн А зэрэглэлийн зургаан уралдаанд багтдаг М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр /2014 он/, Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр /2015 он/, Алдарт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит олон улсын уралдааны эрэгтэй төрөлд хошуучилсан /2016 он/ зэрэг амжилтууд нь яахын аргагүй их гурвалын нэг гэдгийг илэрхийлж буй. 

Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Дуурийн гоцлооч Ч.Бадрал өнгөрсөн онд  “Алеко”-д дуулсан, Римский Корсаков болон Тулегенов Бибигулийн нэрэмжит уралдаануудад хошуучилж,  Улаан талбайд дуулсан анхны монгол дуучин болсон нь олныг баярлуулсан олон сайхан мэдээг бидэндээ авчирсан билээ. 

Социализмын үеэс уламжлан Монгол Улсын дуурийн урлаг өндөр төвшинд хөгжиж ирсэн. Энэ хөгжлийг түүчээлэх дуурийн мэргэжлийн дуучин бэлтгэх залгамж тасраагүй юм. Тиймдээ ч манай залуу уран бүтээлчид болох Ч.Бадрал, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар өнгөрсөн хугацаанд өндөр амжилтыг олон улсын тавцанд гаргасан нь бахархмаар. Монголоороо овоглосон “Гурван баритон” нь дэлхий дахинаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа шилдэг залуус юм. 

Дуурийн алдарт “The Three Tenors” гурван тенор шиг алдартай “гурван баритон” Монголд төрчихсөн биш үү хэмээн олон нийт аль хэдийн хүлээн зөвшөөрч буй. 

 “The Three Tenors” шиг дэлхийн улс орнуудаар 10 жилийн турш аялан тоглож, олимп, дэлхийн аварга шалгаруулах спортын тэмцээнүүдийг нээж дуулах, хамгийн чухал нь “нүүдэлчин Монгол”-ыг биш харин “сонгодог Монгол”-ыг дэлхийд сурталчлах “Mongolia’s three baritons”-ыг дэлхийн тавцанд гаргах цаг болжээ.

Зураг