Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Уяачдад ямар ч шийдвэр нөлөөлөхөө больжээ

Н.Пунцагболд
2017 оны 3 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын морин спорт, уяачдын холбоо гэж нэг том байгууллага гараад ирлээ. Бүхий л тушаал, шийдвэрийг юман чинээ тоохоо больж. Цаашлаад аймгуудын морин спорт, уяачдын холбоод нь ч “даам гарч” эхэллээ. Тэдэнд ямар ч дарга, сайдын тушаал, шийдвэр нөлөөлдөггүй бололтой юм. Дор бүрнээ л том толгойлоод эхэллээ. Эхлээд “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахыг хориглосоор байхад шүүхийн шийдвэрийг үл тоосон. Энэ уралдааны үеэр олон хүүхэд мориноос ойчиж, бэртсэн талаар ХЭҮК-оос мэдээлсэн. Тэгвэл сайд, дарга нараас аймгуудад морин уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулсан бичиг илгээсээр байхад бас л тоосонгүй.

Өнөөх эх нь булингартай бол адаг нь адил гэдэг шиг л юм боллоо. Сая амралтын өдрүүдэд Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад өвлийн морин уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаануудыг зохион байгуулахаас өмнө сайд, дарга нар албан бичиг илгээж, явуулахгүй байхыг сануулсан. Харамсалтай нь даргын шийдвэрийн өөдөөс “салаавч гаргаад”, морио уралдуулаад л өнгөрлөө.

Ийм байж болох уу даа. Хууль нь гууль болдог. Журам нь “бөгсний алчуур” болдог болчихож. Ямар ч шүүх шийдвэр гаргаад нэмэр алга. Ямар ч дарга тушаал, албан бичиг илгээгээд тоодог хүн гэж байхаа больж. Хурдан морины уралдаан монголчуудын уламжлалын нэг гэдэгтэй маргахгүй. Гэхдээ өвлийн уралдааныг хориглоно гээд шийдвэр гарвал түүнийг нь хүлээн зөвшөөрөх л ёстой.

Аймаг, суманд уралдаан зохион байгуулахыг хориглож, эсвэл түр хүлээж бай гэсэн бол хүлээх л ёстой биз дээ. Хэзээ Монголд ингэтлээ хууль, журам алдагдчихав. Хэдийд Монголд уяачид, уяачдын холбоо шүүхийн шийдвэр, сайдын тушаал, даргын сануулгаас илүү эрх дархтай, эвэр туурайтай болчихов. Ингэж болохгүй биз дээ. Тэгээд шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөөрөө тайлбарлана. Сүүлийн үед зарим нэг дэд сайд шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаад, өвлийн уралдаан зохион байгуулах нь зөв гэж ярих болж.

Энэ нь өвлийн бүхий л уралдааныг өөхшүүлсэн явдал болоод байна. Дүнжингарав нь яах вэ, болсон л биз. Улсын хэмжээний, хараа хяналттай, зохион байгуулалт сайтай уралдаан ганц нэг болоход яахав гээд дэмжээд байгаа шүү дээ. Харин аймаг, суманд өвлийн уралдаан зохион байгуулах хэрэг юу байна аа, энэ чинь. Өнгөрсөн хугацаанд өвлийн уралдааны үеэр мориноос унаж бэртсэн, амь насаа алдсан унаач хүүхдүүдийн ихэнх нь аймаг, суманд болдог жижиг уралдааны үеэр гэмтсэн байдаг. Амиа алдсан байдаг шүү дээ. Сая Хөвсгөлд уралдаан болоход зохион байгуулалт муутай, эмх замбараагүй байна гэж эх сурвалжууд хэлээд байсан. Бас л баахан машин тэрэг давхилдсан л уралдаан болж. 

Удахгүй Хөвсгөл, Говь-Алтайд болсон уралдааны үеэр хэчнээн хүүхэд унаж, бэртэж гэмтсэн талаар албан ёсны мэдээлэл гарах байх. Түүнээс л ямархуу зохион байгуулалтай болсон нь харагдана. Хамгийн гол нь манай дарга нар өөрсдийнхөө тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж баймаар байна. Ер нь бол тушаал, шийдвэрийг биелүүлээгүйн төлөө аймгуудын Морин спорт, уяачдын холбооны удирдлагуудад хариуцлага тооцох л хэрэгтэй. Монгол чинь уг нь хуультай, журамтай орон шүү дээ. Тэрийг жаахан мэдрүүлэхгүй бол уяачид толгой дээр чинь гараад шээх нь байна, дарга нар аа.

Зураг