Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Давж заалдах шатны шүүхээс өөр нөхцөл байдал үүснэ гэж хүлээх хэрэггүй бололтой

Р.Саруул
2017 оны 3 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх өнгөрсөн хугацаанд болсон олон эргэлзээтэй асуудлын ээдрээг тайлж чадах болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй билээ. Тухайлбал, анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн асан С.Оюун нар хэргийн цаад эзнийг нь ололгүйгээр нэр бүхий хүмүүст ял өгсөн хэмээн үзэж байгаа. Тиймээс хохирогчоор оролцож буй С.Оюун шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдол гаргасан юм.

Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан хурлын товыг гаргасан нь энэ юм. Өнөөдөр болох гэж буй шүүх хурлын талаар нэр бүхий зарим хуульчаас тодруулахад “Өнөөдөр болох шүүх хурал Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байх. Учир нь шат шатны хуулийнхан нэр бүхий гурван хүнийг хаашаа ч гарах гарцгүй болгочихсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгдэгчдийн тухай янз бүрийн мэдээлэл явж байна лээ. Хамгийн гол нь мөрдөн байцаагчид болон прокурорууд тодорхой баримт дээр үндэслэж, хэрэгтнээс байцаалт авдаг.

Өөрөөр хэлбэл, тэд С.Зориг агсны амь насыг хөнөөхөд гар бие оролцсон учраас тэд гэмт хэрэгтэн болсон гэсэн үг. Тэгээд ч Анхан шатны шүүхээс энэ бүх байдлыг нь харгалзан үзэж хавтаст хэрэгтэй танилцсаны улмаас тэдэнд 24-25 жилийн ял ногдуулсан. Өөрөөр хэлбэл, тэдний хийсэн хэргийг шүүх нотолсон гэсэн үг. Тиймээс л өнөөдөр болох давж заалдах шатны шүүх хуралд онцын өөрчлөлт гарахгүй” хэмээж байсан юм.

Шүүх хуралдаан бас л хаалттай болно

Юутай ч өнөөдөр болох гэж буй шүүх хурлын шийдвэр өмнөхтэйгөө адилхан гарна гэдгийг олон хуульч хэлж байна. Учир нь энэ хэргийг дан ганц цагдаа бус ТЕГ, УМБГ, прокурор гээд олон газар олон жил мөрөөр нь шиншилсний эцэст хэрэгтнүүдийг барьж авсан гээд байгаа. Тэгсэн мөртлөө энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралдаанд оруулаагүй нь олон асуулт дагуулсаар өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гээд байгаа нэр бүхий гурван хүнийг Б.Булган нүүр тулж яг гэрчилсэн үү гэдэг нь ч тодорхойгүй.

Тиймээс л энэ мэт олон олон эргэлзээтэй асуудал үүссэн учраас Давж заалдах шатны шүүхээс эдгээр эргэлзээг бага ч болов тайлах байх гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Угтаа бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ. Ц.Амгаланбаатар нар тус хэрэгт буруутгагдаж ял авсан ч гэлээ шүүхийн энэхүү шийдвэрт хохирогч С.Оюун эргэлзэж буйгаа илэрхийлж, дараагийн шатны шүүхэд хандсан.

Тэрбээр Анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарсны дараа “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна" хэмээн мэдэгдэл гаргаж өнөөдөр болох хурлыг олон нийтэд нээлттэй ил тодоор явуулахыг хүссэн юм. Ямартай ч өнөөдрийн хуралдааныг нээлттэй биш хаалттай боломжгүй аж. Мөн тус хурлыг сурвалжлах эрх авсан сэтгүүлчид хурлын нээлт хаалтыг л олон нийтэд дамжуулна.

Энэ олон эргэлзээг хэзээ тайлах вэ

Тэгэхээр өмнө болсон хуралдаан хаалттай болж, маш олон эргэлзээг араасаа дагуулжээ. Тэгвэл олон нийтийн дэвшүүлээд буй таамгийн хариу ч өмнөх шигээ хэвээр үлдэх бололтой. Хэрвээ үнэхээр л нэр бүхий гурван этгээд ахуйн хүрээний шинжтэй, шунахайн сэдлээр С.Зориг агсны амь насанд хүрчихсэн юм бол шүүх хуралдааныг яагаад хаалттай явуулах шийдвэрийг гаргаад байна вэ гэдэг нь хачирхалтай.

Уншигч та анзаарсан бол Анхан шатны шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Алдар шүүхийн тогтоолыг олон нийтэд танилцуулахдаа гэмт этгээдүүд “захиалгаар” хэргийг үйлдсэн гэдгийг тодоос тод хэлсэн нь шүүх хурлын тогтоолд ч байна. Энэ мэт эргэлзээнүүдийг бага ч болов тайлахгүй бол өнөөдрийн шүүх хуралдааны үр дүн юу байх вэ. Өөрөөр хэлбэл, 18 жилийн турш улс төрийн захиалгатай гэж яригддаг байсан, цаашлаад төрийн нууцад хамаарах баримт мэдээлэлтэй гэгдэж явсан энэ хэрэг гэнэт яагаад ахуйн хүрээний аллага болж, хууль хяналтынхан хийгээд улстөрчид энэ хэргийг ийнхүү эцэслэн хаахыг оролдоно вэ.

Хэдийгээр УЕПГ-аас тэдний хэргийг тусгаарлаж, С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан ч энэ нь өнөөдрийн шүүх хуралдаанд нөлөөлөх хэмжээний баримтыг гаргаж өгч чадах уу гэдэг нь асуудалтай. Эцэст нь хэлэхэд энэ үйл явдлын дараа хүмүүс шүүхэд итгэх итгэлээ алдаж эхэлж буй юм. Тэд цорын ганц гэрч нь байж байхад гэрчээр оруулаагүйд гайхаж байна.

Мөн үнэхээр ахуй хүрээний аллага байсан юм бол яагаад хурлыг хаалттай хийх болов гэдэгт ч гайхширч байна. Мөнхийн хохирогч гэх хүмүүс нь шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлж, өнөөдөр болох шүүх хурлыг олон нийтэд ил тод нээлттэй явуулж өгөхийг хүссэн ч шүүх болон прокурорын байгууллага хүсэлтийг нь хүлээн авсангүй. Тиймээс л учир мэдэх хуульчид өнөөдөр болох шүүх хуралдаанаас шинээр нөхцөл байдал үүснэ гэж хүлээх хэрэггүй хэмээн хэлж байсан нь үнэн бололтой.

Зураг