Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Формула 1"-ийн эмэгтэй нисгэгч

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн авто уралдааны ноён оргил гэгдэх "Формула 1" тэмцээний Sauber баг эмэгтэй нисгэгчтэй болжээ. Колумби гаралтай Татиана Калдероныг Sauber баг хөгжүүлэлтийн багийн нисгэгчээр багтаа нэгтгэсэн байна.

Ингэснээр тус уралдааны сүүлийн 40 жилийн түүхэнд эмэгтэй нисгэгч багийн бүрэлдэхүүнд нэгдсэн анхны нисгэгч боллоо. Sauber багийн зүгээс түүнийг хөгжүүлэлтийн багийн нисгэгчээс уралдааны жолоодогч болтлоо өсөн дэвжих боломжтой гэж үзэж байгаа ажээ. “Би байгаа бүхнээ дайчилж, уралдааны нисгэгч болох хүртлээ тасралтгүй хөдөлмөрлөх болно. Энэ бол миний мөрөөдөл, бас боломж” гэж 23 настай Татиана Калдерон ярьжээ.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 онд "Формула 1"-ийн “Маруссиа” баг туршин нисгэгчээр Мариа де Виллота гэх эмэгтэйг авч байсан ч туршилтын уралдааны явцад гэмтэл авч, улмаар амиа алдаж байсан юм. Харин 1975 оны Испанийн гран при-д Италийн нисгэгч Лелла Ломбарди зургаадугаар байранд орсон нь тус уралдааны түүхэнд эмэгтэй нисгэгч оноо авсан анхны бөгөөд сүүлийн тохиолдол болсон билээ.

Эх сурвалж: foxsports.com