Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Google Хятадад нээгдэж магадгүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Хайлтын системийн аварга Google компани Хятадын эх газрын зах зээлд дахин нэвтрэхэд ойрхон байгаа тухай Хятадын хууль тогтоогч, уг яриа хэлэлцээрт ойр байсан хүн мэдээлжээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын гишүүн, Хэвлэл, Мэдээллийн Ерөнхий Газрын дарга асан Лю Бинжие хэлэхдээ “Хятадын тал Google компанитай янз бүрийн түвшинд ярилцаж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн манай дээд албаны хүн Google-тэй хийх хэлэлцээрийг хариуцах болсон” гэжээ.

Гэхдээ Google-ийн үйлчилгээнүүдээс Google Scholar буюу эрдэм шинжилгээний материалын хайлтын үйлчилгээ нь Хятадад нээгдэх сайтуудын эхний ээлжинд яригдаж байгаа гэж Лю Баасан гарагт ярьсан байна.

Ингэснээр Google эх газрын Хятадад аажмаар эргэн ирэх боломж нээгдэж магадгүй байгаа гэнэ. “Хятадын бодлого мэдээлэл, улс төрөөс илүү шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний сэдэвт төвлөрч байгаа” гэж Лю баталсан байна.

Үүнээс гадна улс төрийн агуулгагүй бусад үйлчилгээнүүдийг нээх талаар ярилцаж байгааг тэр бас дуулгажээ. 2010 онд Google компанийн үйлчилгээг Хятадад хаасан нь үзэл суртлын нөлөөнөөс болгоомжилсон Бээжингийн алхам байв.

Ингэснээр Google дэлхийн хамгийн том буюу 721 сая интернэт хэрэглэгчтэй зах зээлээс хасагдсан юм. Лю гишүүний хэлж байгаагаар “Хятадын зах зээлд орох гэж байгаа бол Хятадын хуулийн дагуу ажилла” гэсэн зарчмыг Google компанид тулгаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post