Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Хорлоо: Түрүү булчирхай бол эрэгтэйчүүдийн хамгийн их хайрлаж явах ёстой эрхтэн

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үр удам, улс, үндэстэнг ч сүйрүүлэх хүчтэй аюулт өвчин аль хэдийн манай улсад бий болсон нь үргүйдэл. Үргүйдэл гэх энэхүү өвчин залуу гэр бүлийн толгойны өвчин болсон тухай эмч, мэргэжилтнүүд сануулж буй. Тэр дундаа эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл сүүлийн жилүүдэд ихсэж байгаа аж. Гэвч манай улсад эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалж, эмчилдэг эмнэлэг тун ховор. Аль 1964 онд 50 гаруй ортой байгуулагдсан Улсын клиникийн I төв эмнэлгийн урологийн тасаг эдүгээ ч 60 орчим ортой байгаагаас энэ салбарын хөгжлийг харж болно. Тухайн үед нийслэлийн хүн ам 300 мянгаар тоологдож байсан бол эдүгээ 1.5 саяд хүрчээ. Гэвч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах иргэд төдийгүй шинээр мэндэлж буй хүүхдүүдээ ч хамгаалах хяналтын тогтолцоо тун сул байгаа юм. Энэ мэтчилэн эрчүүдийн үргүйдлийг тойрсон асуудлаар “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Ж.Хорлоотой ярилцлаа. Тус эмнэлэг өнгөрсөн нэг­дүгээр сард нээгдсэн бөгөөд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон шээс бэлгийн замын өвчин, бөөрний өвчинг оношилдог байна.

-Сүүлийн үед эрэгтэйчүүдийн дунд үргүйдэл ихэссэн. Үүний шалтгааныг янз бүрийн хүчин зүйлийн нөлөөтэй гэж зарим эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Таны хувьд эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэж байгаа гол шалтгааныг  юу гэж харж байна вэ?

-Юуны түрүүнд үргүйдлийн талаар тайлбарлая. Бэлгийн чадвар хэвийн бөгөөд тогтмол бэлгийн харьцаатай гэр бүл хүүхэдгүй байхыг үргүйдэл гэж анагаах ухаанд үздэг. Өнөөгийн нийгэмд хосуудыг зовоож буй асуудлын нэг бол үргүйдэл юм.

Нэг жишээ дурдахад, ДЭМБ гэр бүл болсон хосуудын 25 хувь буюу гэрлэсэн 100 хосын дөрөвний нэг нь эхний жилдээ үр хүүхэдтэй болдоггүй гэсэн судалгааг гаргасан. Эдгээр хосын 15 хувь нь эмчид хандаж, шинжилгээ эмчилгээ хийлгэснээс таван хувь нь хэзээ ч үр дүнд хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, эрэгтэйгээс шалтгаалж үр, хүүхэдтэй болж чаддаггүй. Үүнээс үзэхэд, үргүйдэл үүсэх маш олон шалтгаан бий. Хамгийн том шалтгаан бол шүүрлийн буюу дааврын шалтгаан юм. Энэ нь дотроо анхдагч болон хоёрдогч гэж хоёр хуваагддаг. Анхдагч шалтгаан гэдэг нь төрөлхийн ямар нэгэн шалтгаанаар дотоод шүүрлийн булчирхай өөрчлөгдсөнийг хэлдэг.

Мөн төрөлхийн төмсөгний дутагдалтай бол үргүйдэл үүсэх шалтгаан болдог. Ер нь өвчин гэдэг их сонин. Чимээгүй байж байгаад нэг төрлийн өвчин туссан хүмүүс зэрэг эмчид үзүүлэхээр ирдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч нараас асуухад энэ сард олгойтой хүн ирсэнгүй гэдэг. Гэтэл дараагийн сард нь хоногт гурав, дөрвөн олгойтой хүн ирж байх жишээтэй. Үүнтэй нэгэн адил надад үзүүлэхээр үргүйдлийн шалтгаантай дөрвөн ч хүн ирсэн. Тэр дөрвөн хүний гурав нь төмсөгний дутагдалтай байсан. Өөрөөр хэлбэл, жижиг төмсөгтэй гэсэн үг.

Эрэгтэй хүний төмсөг тодорхой том хэмжээтэй байж, хэвийн ажиллаж, үр тогтох боломж нээгдэнэ. Хэтэрхий жижиг байвал үр тогтох боломжгүй. Мөн хоёр төмсөгний буруу байрлал гэж бий. Тухайлбал, төмсөг нь цавиндаа, хэвлий дотроо байрласан байдаг. Төмсөг бөөрнөөс доош аялж явсаар эхээс төрөхөд юм уу, эхээс төрснөөс нэг жилийн дараа хуйхнаг гэж зүйл дотор орох ёстой юм. Хэрвээ тэр үйл явц замдаа саатчихвал үргүйдлийн шалтгаан болно.

ДЭМБ гэр бүл болсон хосуудын 25 хувь буюу гэрлэсэн 100 хосын дөрөвний нэг нь эхний жилдээ үр хүүхэдтэй болдоггүй гэсэн судалгааг гаргасан.

Үргүйдлийн шалтгаанаас гадна маш аймшигтай нэг зүйл нь хорт хавдар. Эрэгтэй хүний төмсөг хөргөгчинд байх ёстой эрхтэн л дээ. Хүнийг хөргөгчтэй юу гэж асуувал үгүй гэж хэлэх байх. Гэхдээ хүн хөргөгчтэй. Нэг үгээр хэлбэл, хоёр төмсгийг байрлуулж байгаа уут бол хөргөгч юм. Тэр уут нь хүний биеийн температураас 1-3 градусын бага температуртай байх ёстой. Зарим хүмүүс төмсгөө барьж үзчихээд минийх хүйтэн байна гэдэг. Гэтэл төмсөг хүйтэн байх ёстой. Тэгж байж төмсөг хэвийн үйл ажиллагаа явуулж, эр бэлгийн эс ялгаруулна. Хэрвээ төмсөг дулаан газар байрлавал хорт хавдар болдог юм. 20 настайдаа л хорт хавдартай болох аюултай. Мөн олдмол гажгаас болж үргүйдэл үүсдэг. Үүнд янз бүрийн шалтгааны улмаас төмсгөө гэмтээх тохиолдлууд ордог. Монголчууд морь их унадаг. Сүүлийн үед дугуй унах нь их болж. Эдгээрээс шалтгаалж төмсгөө гэмтээж, үргүй болсон тохиолдлууд байдаг. Мөн халдварт өвчнүүд ордог.

Гахайн хавдар туссан хүүхдийн төмсөг нь хавдсан бол дараа нь үргүй болох магадлал маш өндөр. Түүнчлэн витамины дутагдал, цацраг идэвхт туяаны нөлөө, архи, тамхи, мансууруулах бодис  зэрэг хорт зуршил болон ямар нэгэн химийн бодистой байнга ажилладаг хүмүүст сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна төмсгөнд эр хүний эс боловсорсон ч гэсэн эмэгтэй хүний үтрээ хүрэхгүй байх нь үргүйдэл үүсэх нэг шалтгаан. Жишээлбэл, Эрээн дээр Монгол руу гаргах бараа их байхад Хятад хилээ хаачих юм бол өнгөрнө шүү дээ. Түүнтэй яг адилхан. Үүнийг ялгаруулалтын буюу гадагшлуулалтын шалтгаан гэж хэлээд байгаа юм. Энд төмсөгний дайвар, үрийн хүүдий, үр дамжуулах суваг, түрүү булчирхай гэх мэтчилэн саатлын төрлийн өвчнүүд ордог. Ер нь эр бэлгийн эс маш урт замыг туулж байж эмэгтэй хүний үтрээнд хүрдэг. Эр бэлгийн эс төмсөгнөөс дайварт, дайвраас 35 см урт үр дамжуулах сувгаар дамжаад түрүү булчирхайнд очдог. Түрүү булчирхайнд ялгарсан шингэн 25 см шээсний сүвийг дамжина гээд 70-80 см зайг туулж байж сая нэг үр тогтдог.

Гахайн хавдар туссан хүүхдийн төмсөг нь хавдсан бол дараа нь үргүй болох магадлал маш өндөр.

Энэ завсар саад учирвал гадагшлуулалтын шалтгаан болдог. Үүнийг оношлохын тулд үрийн шингэнийг зохих журмын дагуу шинжлэх, төмсөгний эдийн шинжилгээ, дааврын шинжилгээг авдаг. Би маш олон хүнд үрийн шингэний шинжилгээ хийж үзсэн. Асар олон хүн үр тогтоох чадваргүй гарсан. Ямар шалтгаантайг нь хэлэхэд маш хэцүү. Учир нь манай улсад үрийн шингэний шинжилгээн дээр хүртэл эмч нар хоёр тал болон хуваагдчихсан. Үүнээс болж  ном журмынх нь дагуу шинжилдэггүй.

Зөвхөн үрийн шингэний шинжилгээ хийхэд л нэг хэсэг нь микроскопоор шинжилнэ гэж байхад нөгөө нь машинаар шинжилнэ гээд хоёр тал болчихдог.

-Энэ төрлийн зарим мэргэшсэн эмч нарын чадвар муу, буруу ойлголттой байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Түүнээс болж иргэдэд буруу ойлголт өгдөг.

-Эрэгтэйчүүдэд үргүйдэл үүсгэх олон шалтгааныг хэллээ. Ихэвчлэн ямар шалтгаантай хүмүүс ирж байна вэ?

-Би үйлчлүүлэгчдээ үзэж байхдаа дүгнэлт хийнэ шүү дээ. Ирж байгаа үйлчлүүлэгчдийг ажиглаж байхад архаг үрэвсэлтэй хүмүүс их байна. Түрүү булчирхайн архаг үрэвсэл, төмсөгний архаг үрэвсэл, зодоон хийж байгаад төмсгөө өшиглүүлсэн, гахайн хавдар туссан хүмүүс их ирдэг. Энэ бүгдээс хамгийн аюултай нь үрэвсэл. Учир нь ямар ч үрэвсэл эрэгтэй хүний шодойны үзүүрээс эхэлдэг. Гэхдээ ихэвчлэн бэлгийн замын халдвартай залуус ирдэг. Тодруулбал, эрэгтэй хүний шээсний сүвний эхний хэсэг буюу түрүү булчирхайн сарьсны хэсгээс нааш үрэвсвэл асуудал арай гайгүй. Яг энэ үед нь эмчилгээ хийж, эмчлэх ёстой.

Харин сарьсны хэсгийг л давчихвал түрүү булчирхайн нарийн хүүдийн 40-50 ширхэг салбан руу орчихдог. Ийм тохиолдолд  бөх бат цайзандаа шивээлж авсан герман цэрэг гэгчээр эм хүрч үйлчлэхэд тун бэрх болдог. Ингээд л түрүү булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Түрүү булчирхайн шүүрэл байхгүй бол эр бэлгийн эс хөдөлгөөнгүй үхэждэг. Түрүү булчирхайн шүүрэл нь тэжээл, амин дэм, энерги өгдөг. Тэр тэжээл амин дэмээ өгч чадахгүй болчихоор эр бэлгийн эс үхжиж, үргүйдэл үүсдэг. Тиймээс түрүү булчирхай бол эрэгтэйчүүдийн хамгийн их хайрлаж явах эрхтэн.

Зарим эрэгтэйчүүд шодойн үрэвслийг хүний дам яриагаар буруу эмчилдэг. Тэр бүү хэл зарим эмч нар ч дутуу эмчлээд архагшуулчихсан тохиолдол бий. Архаг үрэвслийн хамгийн гол шалтгаан нь замбараагүй бэлгийн харилцаа. Манай зарим залуучууд маш олон бэлгийн хавьтагчтай байна. Би бэлгийн замын өвчин авсан олон хүнийг эмчилдэг учраас тэр байдлыг сайн мэддэг. Нэг жишээ дурдахад, нэг удаа надад үзүүлэхээр залуухан эрэгтэй хүн ирсэн. Өөр эмнэлэгт үзүүлж байгаад эмчилгээ нь бүтэхгүй болохоор ирж эмчлүүлсэн юм. Тэр хүн ирээд “Миний эмчилгээ нэг их сайн үр дүнтэй болж өгөхгүй юм. Би яагаад ийм өвчтэй болсон юм бэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “Онолын хувьд олон бэлгийн хавьтагчтай хүн өвдөх магадлал өндөр гэж ярьдаг юм. Гурваас дээш бэлгийн хавьтагчтай хүн бол асуудал их хэцүү” гэсэн чинь “Өө тэгвэл би аргагүй юм байна” гэж хариулсан.

Тэмбүү гэдэг өвчин 21 хоногийн нууц үетэй. Заримдаа 30-90 хоногийн нууц үетэй байдаг.

Би “Чи хэдэн бэлгийн хавьтагчтай юм бэ” гэж асуутал “20 гаруй бий” гэж билээ. Нэгхэн жишээ дурдахад л ийм байна. Монгол Улсын малын тоо ихсээд ирэхээр шүлхий өвчин дэгдэж байна шүү дээ. Дээр үед цөөхөн малтай байхад шүлхий гэж байгаагүй. Үүнтэй адил бэлгийн хавьтагч их болоод ирэхээр л өвчин авах магадлал өсөөд байгаа юм. Үүнээс гадна манай улсад зонхилон тохиолддог бэлгийн замын зургаан төрлийн өвчний талаар би хөдөө, орон нутагт лекц тавихаар бэлтгэсэн. Үүнээсээ сонирхуулахад, нэгдүгээрт, манай улсын хамгийн түгээмэл бэлгийн замын халдварт өвчинд тэмбүү ордог.

Тэмбүү гэдэг өвчин 21 хоногийн нууц үетэй. Заримдаа 30-90 хоногийн нууц үетэй байдаг. Маш аюултай. Энэ 21 хоног дотор тэмбүү авсан хүн өөрийгөө тэмбүү авсан гэж мэдэхгүй шүү дээ. Энэ хугацаанд хэчнээн ч хүнд халдааж болно. Үүгээрээ маш аюултай. Дараа нь заг хүйтэн байна. 2-5 хоногийн нууц үетэй. Ихэнх эрэгтэйчүүд эхнэртээ халдаадаг. Энэ өвчний тээгч нь эмэгтэй хүн байдаг бол трихомониазийн тээгч эрэгтэй хүн байдаг. Хламидиоз гэж өвчин бий. Мөн 50 хувь нь оношлогддоггүй. Маш сайн туршлагатай эмч л оношилно. Сүүлийн шатандаа үе мөч рүү ордог аюултай өвчин. Энэ мэтчилэн өвчнийг залуучууд маш их тусч, архагшуулж байгаа учраас үргүйдэлд хүрдэг. Тэгэхээр энэ төрлийн шалтгаантай хүмүүс их ирж байна гэж ойлгож болно.

-Төрөлхийн жижиг төмсөгтэй эрэгтэй хүн үргүй байдаг гэлээ. Үүнийг эмчлэх арга байдаг уу?

-Нас биед хүрсэн бол эмчлэх арга байхгүй. Бага насанд нь эмчлэх ганцхан боломж бий. Ихэнх бэлгийн замын төрөлхийн өвчнүүдийг бага насанд нь оношлох боломжтой байдаг. Харин үүнд зөвхөн хяналт л хэрэгтэй. Манай улсад бага насны хүүхдийг хүүхдийн болон өрхийн эмч үзэж, хяналтандаа байлгадаг. Гэвч тэд уушгийг нь чагнахаас бусдыг нь үздэггүй. Ядаж л эрэгтэй хүүхэд байвал хоёр төмсөг нь хуйхнагтай байна уу, үгүй юу гэдгийг тэмтрээд үзчих хэрэгтэй. Арагшаа шамарч байна уу гэдгийг нь үзчих л ёстой юм. Эндээс л хяналт эхэлнэ.

Хэрвээ хүүхэд 7-8 нас хүртлээ төмсөг нь зохих хэмжээнд томроогүй тохиолдолд долоон настайгаас нь эхлэн орлуулах дааврын эмчилгээг хийлгэх ёстой байдаг. Хар ухаанаар ойлгуулахад, тухайн хүүхдийн тархи төмсгийг нь томруулдаг даавар ялгаруулахгүй байна л гэсэн үг. Харин түүнийг нь эрт оношлоод даавар дэмжих эмчилгээ хийгээд өгвөл төмсөг аяндаа томорно. Эмчилгээ хийлгэсний дараа бэлгийн бойжилтын насан дээрээ ирэхэд хэвийн төмсөгтэй болдог. Төмсөг томорсон тохиолдолд бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд буюу төвөнх томрох, сахал ургах, суга, цавины үс ургах гэх мэтчилэн илэрдэг. Ингэсэн тохиолдолд ямар ч асуудал байхгүй. Үүнийг өрхийн эмч, хүүхдийн эмч, эцэг, эх нь ч мэдэхгүй өнгөрөөснөөс болж тэр хүүхэд насан туршдаа үргүй явдаг.

Манай улсад үүнийг мэддэг нарийн мэргэжлийн эмч гарын таван хуруунд л багтаж байгаа юм. Нэгдүгээр эмнэлгийн эмч нарыг л нэрлэж болох байх. Тэгэхээр гурван сая хүнийг тавхан эмч үзэж чадахгүй шүү дээ. Олон залуус цэргийн албанд татагдаж очсон хойноо төмсөгний дутагдалтай гэдгээ мэдэж байна. Цэрэгт очсон хойно нь бусад цэргүүд “хүүхэн тэр” гээд шоолж, дээрэлхдэг. Цэргээс ирээд үзүүлэхээр төмсөгний дутагдалтай байх жишээтэй. Ингээд л хяналт сул байгаагаас болж олон залуус хожуу оношлогдож байна. Эсвэл хэзээ хойно эцэг, эх нь хүүхдээ авч ирж үзүүлдэг. Төмсөгний дутагдалтай дөрвөн ч хүүхдийг ээж, аав нь надад үзүүлэхээр ирсэн.

“Та манай хүүг үзээд өгөөч. 19 нас хүрсэн хэрнээ жаахан дүү нартайгаа хамт усанд ороод байх юм. Уг нь өдий насны хүүхэд ичих гэдэг зүйлийг мэдэх болсон” гэж байгаа юм. Тэгээд үзтэл төмсөг нь хурууны үе шиг жижиг, ямар ч үс байхгүй. 18-19 нас хүртлээ тэгж явна гэдэг чинь эмчилгээ авахад оройтчихож байгаа юм. Дааврын эмчилгээ хэчнээн хийгээд ч дахиж сэргэхгүй. Нэмэр байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоо, эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнийг харьяа яам огт анхаарахгүй байна. Ард түмэн ч анхаардаггүй.

Мөнгө дуудах лекцэнд 10 мянган төгрөгөөр оруулна гэхэд Бөхийн өргөөнд багтахгүй олон хүн очиж байна. Гадна талаар нь тойрчихсон суудал олдохгүй, зогсоод ч багтахгүй. Нэг их том том хоосон түрийвч бариад оччихсон, нүдээ аниад л эргүүлээд байдаг. Өөрийгөө эмчид үзүүлье гэхээр гэрээсээ ч хамраа цухуйлгадаггүй. Нэг ийм үг байдаг шүү дээ. Англи хүн өвчин тусахаас 10 хоногийн өмнө эмчид очдог. Орос хүн өвчин туссанаас 10 хоногийн дараа эмчид очдог. Монгол хүн үхэхээсээ 10 хоногийн өмнө эмчид ханддаг гэж үг байдаг. Түүн шиг л хэзээ хойно буюу өвчнөө архагшуулсан хойноо л эмчид хандаж байна. Ард түмний оюун санаа ингэж л эргэж. Хэрвээ үргүйдлээс хамгаалъя гэвэл ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зохих хэмжээнд бэлгийн боловсролыг олгох хэрэгтэй. Хүн төрөлхтний үржил хөгжил тасралтгүй явагдаж байдаг. Энэ нь зогсох юм бол нэг ч хүнгүй болно гэдгийг ойлгуулчих ёстой юм.

-ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн нэгдсэн үзлэг зохион байгуулдаг. Гэхдээ чих, нүд цээжийг нь үздэг. Энэ үзлэгээр дамжуулан таны хэлж байгаачлан эрэгтэй хүүхдүүдийг нарийн үзвэл олон өвчнийг эрт илрүүлэх юм шиг санагдлаа. Та АНУ-д 10 гаруй жил мэргэжлээрээ ажилласан хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манай улсын ЕБС-ийн сурагчдад үзлэг хийж байгаа эмч нар дотор эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй судлалаар мэргэшсэн нэг ч эмч байхгүй. АНУ-д бол мэргэшсэн эмч нар үзлэг хийдэг. Хэрвээ хүүхдүүдэд үзлэг хийнэ гэвэл би ч очиж үзэхгүй. Хүүхдийн урологоор мэргэшсэн эмч нар очно. Жишээлбэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн н.Энхравдан үзнэ гэсэн үг. Тийм олон Энхравдан бий болж, аймаг болгон нэг Энхравдантай болчихвол үргүйдлийг маш хурдан багасгаж чадна. Гэтэл манай улсад байхгүй байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өөрсдийнхөө ирсэн хүүхдүүдэд хагалгаа хийж дийлэхгүй байхад яаж аймагт очиж хагалгаа хийх вэ дээ. Нийслэлийн сургуулийн хүүхдүүдийг ч үзэж чадахгүй. Энэ л манай эрүүл мэндийн тогтолцооны гол дутагдал байгаа юм.

-Хүн бүр л үргүйдэл залуужсан гэж яриад байна. Энэ үнэн үү?

-Тийм. Хоёр хүүхэдтэй болчихсон хүмүүс бол дахиад хүүхэд гарахгүй юм байна гээд энэ тухай нэг их ярилгүй өнгөрдөг. Огт хүүхэд гарахгүй гэр бүл бол маш хэцүү. Ямар нэгэн байдлаар шалтгааныг эрэлхийлэх л хэрэгтэй болж байгаа юм. Хүн чинь залуудаа л үүнийг анзаарч, гэрлэнэ. Залуудаа ганцаараа явж байгаад нас ахисан хойноо гэрлэх хүн цөөхөн шүү дээ. Тэгэхээр энэ чинь залуучуудын л өвчин болоод байгаа юм. Гэхдээ үргүйдэл ихсээд байна уу гэвэл тийм.

Миний бодлоор хүн ам нэмэгдэхийн хэрээр ямар нэгэн өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ бол дэлхийн статистик. Үүнийг дагаад мэргэжлийн эмч нарыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж урьдчилан сэргийлнэ. Тухайлбал, манай бөөрний эмч нарыг их шүүмжилдэг. Биднийг оюутан ахуйд хиймэл бөөрний хагалгаанд багш дагуулж ороход 1-2 хүн л байдаг байсан. Улсын хэмжээнд нэгдүгээр эмнэлэгт ганцхан гемодиализын тасагтай. Заримдаа хэвтэх хүн байдаггүй.

Зарим үед биднийг диализд орох хүн байхгүй байна, аппарат нь энэ байна гээд буцаадаг байлаа. Одоо диализид орох гэсэн хүмүүс гудамжинд дугаарлаж байна. Саяхан гэхэд Увс аймагт диализын тасаг нээгдлээ гэж байна. Үүнээс харахад мэргэжлийн эмч нарыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ихэвчлэн фм радиогоор бэлгийн сулрал, түрүү булчирхайд тустай эм гээд л их сурталчилдаг. Энэ эмийг авч хэрэглэх нь хэр үр дүнтэй юм бэ. Үргүйдэл үүсэхэд ийм төрлийн эм нөлөөлөх үү?

-Маш буруу. АНУ-д ард иргэд нь хэрэглэдэггүй элдэв зүйлийг манайхан түүж ирээд мундаг сурталчилж байгаад л зардаг. АНУ-д ч сайн сурталчилдаг. Гэхдээ иргэд нь огт авдаггүй. Айлын шуудангийн хайрцганд өч төчнөөн зар, сонин, сэтгүүл хийдэг. Хүмүүс нь хаягийг нь хараад задлах ч үгүй хогийн савандаа хийчихдэг. Тийм л зүйлийг манайхан эх орондоо оруулж ирээд зардаг. Тэгэхээр манай иргэд гэнэн болохоор сайн юм байна гэж хууртагдаад л авч хэрэглэдэг. Сүүлд нь ямар ч үр дүн байхгүй, хэдэн төгрөгөө үрээд дуусдаг. Үргүйдэл үүсэх шалтгаанд эмийн бодисын нөлөөлөл гэж бий. Нэг эмийг хэт удаан хэрэглэвэл үүсэх магадлалтай. Гэх мэтчилэн цэгцлэх зүйл олон байна. Үүнийг хэлж ярьдаг нь ч, сонсдог нь ч цөөхөн байна. Ялангуяа эрх мэдэл бүхий, зохицуулах үүрэг хүлээсэн хүмүүс нь үүнийг сонсохыг ч хүсдэггүй.

-Эрэгтэйчүүдийн эмнэлэг манайд их цөөхөн байдаг. Ер нь эрэгтэйчүүд өвдсөн ч түүнийгээ хэлдэггүй, дотроо нууж явдаг гэдэг. Тэгвэл “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Та эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг бөөр, шээсний замын үрэвсэл, шээсний замд чулуу үүсэх, түрүү булчирхайн өвчнүүд, эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал, үргүйдэл, бэлгийн замаар дамжих хурц болон архаг халдварт өвчнүүдийг лабораторийн бүх төрлийн шинжилгээгээр оношилж, эмчилж байна. Мөн түрүү булчирхайн архаг үрэвслийг эмчлэх хамгийн сүүлийн үеийн аппаратаар эмчилгээ хийж байгаа. Удаан жил үргэлжилсэн архаг явцтай түрүү булчирхайн үрэвсэлд эмчилгээний үр дүн маш сайн байгаа. “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард, “Авзага трейд”-ийн зургаан давхарт байрлаж байна.

Зураг