Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийг цахимаар цацах бус цагдаад мэдэгдэж сур

Ж.Отгонмягмар
2017 оны 3 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Гэгээн цагаан өдөр хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарлаа гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн цахим ертөнцийн сенсааци мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл, энэхүү мэдээллийг албан ёсны мэдээллийн сайт бус “Нийслэлийн мэдээ” гэх фэйсбүүк хуудсанд “Гэгээн цагаан өдөр хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарлаа. Байрных нь эгч азаар тааралдсанаар тухайн хүн хүүхдийг хаяж зугтаасан байна. Ам руу нь үл мэдэгдэх бор зүйл чихсэний улмаас хүүхэд цусаар бөөлжиж, ухаан нь балартсан байдалтай байсан гэнэ. Хүүхдэдээ анхаарал сайн тавиарай” гэсэн тайлбарын хамт нэгэн бичлэг тавигдсан байв.

Улмаар “Minjgol training camp” гэх фэйсбүүк хуудаснаа “Хар тамхи татдаг залуучууд хүүхэд хулгайлахыг завдлаа. Азаар тус байрны эмэгтэй хүүхэд хулгайлж байгаа этгээдүүдтэй таарч хүүг аварсан байна. Гэвч тэдгээр залуус хүүгийн аманд нь хар тамхи хийсэн байжээ. Үүнээс болж хүү цусаар бөөлжиж, мансуурчээ. Тиймээс хүүхдүүдээ сайн хараарай” гэсэн тайлбартайгаар орсон байна. Энэ мэтээр нэгэн хүүг хүчээр авч явах гэж байгаа дүрс бичлэг үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын тайлбартайгаар цацагдаж эхэлсэн.

Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Фэйсбүүкээр цацагдсан бичлэг баттай биш” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг саатуулан, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өгөөд байна. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм билээ.

Тэгвэл ийнхүү худал, үнэн нь мэдэгдэхгүй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах нь хэр оновчтой үйлдэл вэ. Энэ тохиолдолд хэрвээ хүүхэд хулгайлагдсан нь үнэн бол бичлэгийг сошиал хуудсанд байршуулснаар олон сөрөг үр дагавар гарах байсан нь ойлгомжтой. Тухайлбал, гэмт хэрэгтэн өөрийгөө илчлэгдэх гэж байна хэмээн сандарч хүүхдийн амь насыг хөнөөж ч болох шүү дээ.

Түүнчлэн тухайн гэмт хэрэгтэн ул мөрөө арилгах, зугтах зэрэг үйлдлийг гаргадаг гэдгийг албаны хүмүүс анхааруулж буй. Тиймээс ийм мэдээлэл байгаа бол хамгийн түрүүнд цахим хуудсуудаар цацах биш, цагдаагийн 102 дугаарт хандаж, өргөдөл гаргаж байхыг анхааруулъя. Хэрвээ хүүхдийн хулгай буюу онц ноцтой хэргийн талаар мэдээллийг олон нийтэд цацалгүй, цагдаад мэдэгдсэн тохиолдолд хэргийн илрүүлэлт ч хурдан байдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Б.Мөнхбаяр гэгч этгээд насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн хэрэг гарч, хэрэгтэнд ял оноосон.

Тодруулбал, 1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч залуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд 16 настай Б хэмээх хүүд хутга тулган барьцаалсан. Улмаар аав руу нь утасдаж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн байдаг. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Тиймээс иргэд цахим ертөнцөд сенсаацлах бус цагдаад хандаж сурах хэрэгтэй байна.

Зураг