Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан захтнуудын хэрэгт зохих ялыг нь оноох цаг нь болжээ

Р.Саруул
2017 оны 3 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

-Ямартай авлигачид цөөрөх нь бүү хэл олуулаа болж, улс орны эдийн засгийг бүхэлд нь хорлож буй энэ цаг үед Монгол Улсын хууль, шүүх байгууллага яагаад хүчин мөхөсдөж байна вэ?- 

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсаас их хэмжээний мөнгө хулгайлж, хумсалсан байж болзошгүй гэх нөлөө бүхий эрхмүүд болох төрийн өндөр албан тушаалтнуудыг өнгөрсөн жилээс эрчимтэй шалгаж, цагдан хорьж эхэлсэн билээ. Иймэрхүү баривчилгааг олон нийтийн зүгээс “зөв” хэмээж байлаа. Харамсалтай нь, сүр дуулиантай ямарваа нэг баривчилгаа хэрхэн шийдэгдсэн нь бүрхэг үлдэж, эдүгээ замхран алга болсон гэхэд нэг их дэгсдэхгүй.

Олон нийт ч “Сүр дуулиантай баривчлагдсан нөхдүүд үнэхээр улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнууд мөн үү” гэх асуулттай үлдсэн гэхэд болно. Хамгийн ойрын жишээ л гэхэд, өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүс болох Г.Түвшинжаргал, Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарыг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй” хэмээн үзэж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсныг уншигчид санаж байгаа биз ээ. 

Өөрөөр хэлбэл, тэднийг 5-55 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байв. Гэвч өнөөдөр дээрх хэргийг хуулийнхан хэрхэн, яаж шийдсэн нь тодорхойгүй үлдсэн юм. Энэ мэтчилэн сүр дуулиантай хэд, хэдэн баривчилгаа өрнөсөн ч асуудлыг дээд цэгт нь хүртэл шалгаж чаддаггүй хууль, хяналтынхнаас болж тодорхойгүй улсад их хэмжээний хохирол учруулсан олон хэрэг “эзэнгүй” үлджээ. Нөгөөтээгүүр үүнээс үүдэж хууль, дүрэм байсаар атал хэрэгт холбогдсон эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хуулийнхан яагаад зоригтойхон шалгаж чадахгүй байна вэ гэх яриа ч иргэдийн дунд гарч байсан удаатай.

Тэгээд ч өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд “Төрийн өмч хөрөнгийг завшсан, үргүй зарцуулсан хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу ногдуулах талаар дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад сонордуулъя” хэмээн нэг бус удаа хэлж байв. Харамсалтай нь, энэ нь бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгааг олон нийт харж байна. 

Б.Энхбаяр: Цаазын ялыг сэргээж, томоохон авлигын хэрэгт хэрэглэдэг больё 

Хууль зүйн, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр УИХ-ын дахь МАН-ын бүлгийн Хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа “Цаазын ялыг сэргээж, томоохон авлигын хэрэгт хэрэглэдэг больё. Өөрөөр хэлбэл, цаазын ялыг сэргээж, томоохон авлигын хэрэгт хэрэглэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулаад эхэлсэн авлигыг үгүй болтол хэрэглэе. Хятадад авлигыг арилгахын тулд 16 мянган төрийн албан хаагчийг цаазалж, ОХУ-д хууль бусаар хөрөнгөжсөн авлигачдын өмчийг улсын орлого болгож, гадаадад худалдан авсан хаус, офшор дансанд нуусан мөнгийг хүртэл хураан авдаг болох гэж байна.

Харин манайд 10 тэрбум төгрөгийг хулгайлаад Төрийн ордонд, 10 мянгыг хулгайлаад шоронд орсон бодит жишээ бий. Хэрвээ дээрх санаачилга хэрэгжиж, томоохон авлигачдыг хатуу шийтгэдэг болбол Монгол Улсад өнөөдөр тогтоод буй 50 тэрбумаар нь шамшигдуулаад таван жил хоригдох нь битгий хэл 5-хан сар саатуулагдахгүй эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөн суллагддаг байдал үгүй болно” хэмээн хэлж байсан нь саяхан. Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэчнээн олон хурган дарга авлигын хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас олон авлигачдыг хугацаанаас нь өмнө сулласан

Өнөөдөр төрийн өмч хөрөнгийг үргүйдүүлсэн, завшсан гэх олон мянган сайд, дарга бидэнтэй мөр зэрэгцэн алхаж яваа нь үнэн. Уг нь, тэд бидний татварын мөнгийг хайр гамгүй үрж өөрсдөө асар их баян болсон. Хамгийн наад захын жишээ гэхэд бондын мөнгийг үргүй зарцуулж Засгийн газрыг хууран мэхэлж улсаас их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутгагдаж буй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар байна. 
Тэд төрийн өндөр албан тушаалыг хашиж байхдаа өнөөдөргүй юм шиг загнаж явсан. Гэтэл тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдгийг нь УИХ болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулсан, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг “Хөгжлийн банк” нь 1.3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчилтэй хэмээн мэдээлж, энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн. 

Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу ЦЕГ, АТГ, ТЕГ-аас байгуулсан Ажлын хэсэг энэхүү асуудалд буруутай эрхмүүдийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Уг нь, мөрдөгчид болон прокурорууд нэр бүхий хоёр эрхмийг батлан даалтад гаргахгүйгээр үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч шүүх тэднийг эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур байцаах шийдвэрийг гаргажээ. 

Бондын мөнгийг үрэн таран хийсэн хүмүүс нь ганц Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар биш юм. Тухайн үед албан тушаал хашиж байсан маш олон эрхмүүд энэ асуудалд хамаатай учраас тэднийг үгээ нэгтгэхвий гэдгээс болгоомжлон цагдаа, прокурорынхон үргэлжлүүлэн хорих саналыг тавьж байсан аж. Юутай ч асуудалд орооцолдохоороо өвчтөн болж идэж уухаараа эрүүл мэт загнадаг энэ гажуудлыг хэн яаж засах ёстой юм бол. 

Уг нь хийсэн хэргийнх нь төлөө хатуухан шийтгэж зохих ял шийтгэлийг нь өгдөг бол манай сайд, дарга нар улсын өмч хөрөнгөнөөс улайм цайм хумсалж хулгайлж чадахгүй нь ойлгомжтой. Аль эсвэл Монголын хууль, шүүх ийм өгөөмөр юм уу эсвэл цагаан захтнуудын хэрэг ингэж шийдэгддэг хэрэг үү гэдэг асуулт оньсого хэвээр үлдлээ. Ямартай авлигачид цөөрөх нь бүү хэл олуулаа болж, улс орны эдийн засгийг бүхэлд нь хорлож буй энэ цаг үед Монгол Улсын хууль, шүүх байгууллага яагаад хүчин мөхөсдөж байна вэ?

Зураг