Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн гадаад бодлогод “Ардын эксперт”-үүд 10-аас 8.9 оноо өглөө

ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 6-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэд (Ардын эксперт) оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм.  

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт үнэлгээ өглөө. Ийнхүү сэдэвчилж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсч, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар оноогоо өгсөн юм. Мөн энэхүү үнэлэлт, оноо өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн “МЕС” судалгааны төв хяналт тавьсан бөгөөд нууц санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авчээ.

 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч иргэддээ тайлан тавиад зогсохгүй анх удаа санамсаргүй түүврээр сонгогдсон иргэдээр зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу оноогоор үнэлүүллээ. Зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцогчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд хараат бусаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх бүрэн чадамжтай гэдгийг хараат бус “МЕС” судалгааны төв баталсан юм. Учир нь, энэ удаагийн хэлэлцүүлэг Зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу өрнөсөн, мөн сонгогдсон 450 иргэнд урилга гардуулж, тэдний олонхи нь оролцож нууц санал хураалтаар 1-10 хүртэлх оноо өгсөн ажээ. Нөгөөтэйгүүр, санамсаргүй түүвэрлэлт хийхдээ МЕС судалгааны төвийнхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Киш Грид”-ын аргыг ашигласан юм байна.

Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад сэдвээр ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах юм.

Зөвлөлдөх Ардчилал гэж юу вэ?

Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна.

Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм. Ийнхүү дэлхийн олон улс Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд бид ч гэсэн "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.

"Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр"

МОНГОЛЫН МЕДИА КОРПОРАЦИ