Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

В. Путин: Ираныг 2,500 жилийн өмнөх түүхээр нь бүү ялла!

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Владимир Путин, Бенжамин Нетаньяху нар

ОХУ-д айлчилж байгаа Израйлийн ерөнхий сайд Бэнжамин Нетаньяху  ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр Москвад уулзлаа.

Тэд терроризмийн эсрэг тэмцэл, Сирийн хямрал, Иран-Израйлийн харилцаа гээд өргөн сэдвээр санал солилцжээ.

Уулзалтын эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жүүд түмний Пурим баярын мэндийг Нетаньяхуд хүргэсэн байна. Энэхүү уламжлалт баяр нь эртний Персийн хаан Хаманы довтолгооноос жүүд хүмүүс аврагдсан үйл явдлын дурсгал болдог юм.

Үүний хариуд Израйлийн ерөнхий сайд хэлэхдээ “2,500 орчим жилийн өмнө жүүд хүмүүсийг устгах гэсэн оролдлого бүтээгүй” гээд харин өнөөдөр Персүүдийн удам Иран улс дахин ингэхийг оролдож байна гэжээ.

Харин энэ удаа Израйль улс өөрийн газар нутаг, цэрэг армитай болсон тул өөрийгөө хамгаалж чадна гэж Нетаньяху хэлсэн байна.

Владимир Путин энэ үеэр Нетаньяхуд хандан “энэ явдал Нийтийн Тооллын өмнөх тавдугаар зуунд болсон” бөгөөд харин өнөөдөр бид өөр ертөнцөд амьдарч байгаа тул дайсагналцлаа зогсоож, яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэх хэрэгтэйг уриалсан байна.

Дараа нь Нетаньяху Исламын улс, Аль Кайда зэрэг террорист байгууллагуудыг дарахад Оросын дэмжлэг оролцоо чухал байгааг онцлон сайшаажээ.

Путин өнөөдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзана. Тэдний хэлэлцэх асуудлын гол нь Сирийн хямрал байх болно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

 

Эх сурвалж: Russia Today