Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэ нэн даруй Хөх Ордныг орхиж, ямар ч хангамж эдлэхгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөө өглөө Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гарсан тул Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ нэн даруй “Хөх ордон”-г орхин явахаар болжээ. "Хөх ордон" бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан ёсны ажиллаж, амьдрах байгууламж юм.

Үүнээс гадна тэр ямар ч хангамж, тэтгэвэр авахгүй болж байна.

Хэрвээ ерөнхийлөгч нь бүрэн эрхийн хугацаагаа амжилттай дуусгасан бол ерөнхийлөгч байхдаа авч байсан цалингийн 95 хувийг үлдсэн амьдралдаа авах ёстой. Пак Гын Хэгийн хувьд энэ нь сарын 12 сая вон ($10,300) болж байгаа юм.

Үүнээс гадна экс ерөнхийлөгч нь эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй эдлэх ба ажлын байр, хувийн гурван туслах, жолоочийн урсгал зардлыг нь улсаас даадаг ажээ.

Мөн нас барахад нь Солонгосын үндэсний баатрууд, эх орончдын шарилтай зэрэгцүүлэн оршуулдаг.

Харин Өмнөд Солонгосын түүхэнд анх удаагаа хугацаанаасаа өмнө огцорсон ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хувьд дээрх бүх хүндлэл, хангамжууд огт олгогдохгүй юм байна. Улсын нууцад ханддаг байсных нь хувьд зөвхөн хамгаалалт авах эрхтэй. Энэ хамгаалалт 10 жил үргэлжлэх ба хэрвээ шаардлагатай гэвэл дахин 5 жил сунгадаг юм байна.

Одоо ерөнхийлөгчийн үүргийг ерөнхий сайд Хван Кё Ан түр орлон гүйцэтгэж байгаа. Хууль ёсоор 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулж дараагийн ерөнхийлөгчийг сонгох юм.

Хэрвээ Пак Гын Хэ суудалдаа үлдэж чадсан бол энэ оны сүүл хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгах байжээ.

 

Эх сурвалж: Korea Herald